Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь БНСУ-ын Хөдөлмөрийн яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд тус улстай ажиллах гэрээт ажилчдыг илгээдэг. Тэгвэл БНСУ-д гэрээтээр ажиллах хүсэлтэй иргэдийн энэ оны бүртгэлийн тов гарлаа. Тодруулбал, тухайн иргэд www.ehalamj.mn сайтаар энэ сарын 25-27-ны өдрүүдэд бүртгүүлнэ. Бүртгэлийн системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой аж.

БНСУ-д гэрээтээр ажиллах хүсэлтэй иргэд 18-39 настай байх. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх болон гадаад паспортын аль нэгээр бүртгүүлнэ. Бүртгэлийн хураамжийг 28 ам.доллараар тогтоожээ. Энэ бүртгэлд БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх ба мөн гэмт хэрэгт холбогдоогүй иргэн хамрагдана.

Харин бүртгэл хийлгэсэн иргэн цуцлуулах зайлшгүй шаардлага гарвал 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор ХХҮЕГ-т бичгээр хүсэлт гаргах аж.

Бүртгэлд хамрагдсан иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад орох бөгөөд шалгалтын товыг https://www.monkor.net/index.php, https://www.hudulmur-halamj.gov.mn/en сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлэх юм байна.