
Наадмыг зохион байгуулах хорооны дарга, улс төрч Н.Номтойбаяр бөхчүүдийг гомдоосон үг хэлсээр байна. Бөхчүүд нь өөрсдөө допингийн, ёс зүйн асуудалтай улс болох нь үнэн л дээ. М.Бадарч, Н.Өсөхбаяр, Р.Пүрэвдагва гээд л. Түрүүч нь лавтайяа гурван жил улсдаа зодоглож чадахгүй, жил жилийн наадам тийш горьдлогын харцаар хяламхийж суудаг нь үнэн. Өрөвдмөөр л дөө. Ганц чаддаг хөдөлмөрөө ингээд боомилуулчихаар. Н.Номтойбаярт үүнийг нь шийдэх эрх зүй алга, эрх мэдэл алга гэж тэр өөрөө хэлээд байна. Үнэн ч биз. Эдгээрээс үнэн нэг юм болоод байна.
Өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогт тэргүүтэй хориод УИХ-ын гишүүнийг гавьяат хуульч, эдийн засагч, үйлчилгээний гавьяат цолоор шагналаа. Улс төрчид, эдгээр хүмүүс бол эрх мэдлийн допингтой хүмүүс. Ийнхүү хэлэхнээ нь огтхон ч хилсгүй. Гэтэл эгэл биеийн допингоосоо болоод барилдах эрхээ хасуулсан бөхчүүд Н.Номтойбаярын боломжгүй хэмээх үгэнд ноолуулж, итгэл сэтгэл уначихсан байхад эрх мэдлийн допингтой ийм олон дээдсийг шагнана гэдэг ард түмний нийтлэг эв нэгдэл, эрх ашиг , сэтгэл зүйн тэнцвэрийн үүднээс бол маш ужигтай шийдвэр болж байгаа юм. Мэдрэмж нэн дутагдсан шийдвэрийг гаргаж байна гэсэн үг. Шагнуулах эрх нь, шагнах эрх нь мэдээж байж байгаа. Гэхдээ жин бан, тун хэмжээг олж, ард түмнийхээ эвийн сэтгэл дээр тулгуурлана гэж нэг ойлголт баймаар.
Үүнийг шагнагсад огтхон ч үл бодолцох ажээ. Ер нь ойрын өдрүүдэд Монголын нийгэм шагналын асуудлаар буйлан хэлэлцэж байна. Ойрмогтоо Ж.Болд, П.Одонбаатар, Д.Ганзориг, С.Бямбацогт, Д.Ганбат, Х.Тэмүүжин нарын гавьяат хуульч цолтнууд бий боллоо. Сүүлийн гурван эрхэм нь хууль тогтоогчид, хуульчид мөн байх. Цагдаагийн дарга бол ерөөсөө л үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг салбарыг толгойлдог байгууллагын дарга. Үйлчилгээний гавьяат нь илүү зохимжтой баймаар. Тагнуулын дарга бол хууль сахиулан биелүүлдэг л газрын дарга. Гавьяат хуульч яг мөн үү. Дээд шүүхийн дарга асан бол байж болох байх. Угтаан бол гавьяат хуульч гэдэг хүн бол С.Нарангэрэл, Галдангийн Совд шиг л хүмүүс буй баймаар. Шагнал тойроод янз бүрийн л өнцөг илэрхийлэгдэх. Т.Ариунаа, Б.Сарантуяа хоёрт Ардын жүжигчин зэрэг өгсөн нь эв найрамдлын агуулгатай гэх агуулга тараагдаж үзэгдэнэ. Үгүй юм л даа, энэ хоёр хүнийг зэрэг шагнахгүй бол болохгүй гэх агуулга баймааргүй. Тэрэндээ хүрвэл “Камертон” хамтлагийн дөрвөн хүнд дөрвүүлэнд нь л гавьяат өгчихмөөр. Хоёрыг нь үлдээгээд, хоёрт нь өгчихнө гэдэг оносонгүй. Нэг хамтлагийнханыг ялгасан, ялгамжилсан, дэвлэсэн агуулга үүсгэж байгаа юм. Ард түмэн үүнд гонсойж байх шиг байна. Төрийн шагналтай Д.Болд, Т.Мөнхсайхан нарт дахин гавьяат “овоолох” хэрэг байдаг л бололтой. Ер нь бол шагналын агуулга шороодсон ч шагнагдах гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл нь нэн их ойлгомжтой байна. Манай ард түмэн ийм “сэтгэлтэй” улс аж. Тиймээс аль болох онож шагнах гэдэг агуулга маш чухлыг шагнахынхан их ойлгох учиртай нь тод.
Хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүс маш их шагнагдаж байна. Энэ бол мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, хүсэлт, салбарын илэрхийллийг огт үл тооцон гагц шагнах орон зайныхан бүгдийг өөрсдийнхөөрөө шийдэн “дарангуйлж” байгаагаас үүдэлтэй асуудал. Аливаа агуулгын үндсийг, суурийг, эх үүтгэлийг зөв тооцох, тэндээс угшилтай үндэслэгээг зөв ширээхгүй бол шагнал онохгүй дээ. Шагнал цулдаа улс төрийн , эрх ашгийн, өгөө авааны, ар хойчийн, хэтийн улс төрийн зохиомжийн л хэрэг явдал болж. Чухам энэ хэрээр ард түмний хүсэл зориг, итгэл үнэмшлээс холдсоор төрийн хүндэтгэл нэгмөсөн үнэгүйдэж байна.
Тиймээс шагнах орон зайныхан, эрүүл оюун санаа, үүтгэлийн шалгарлыг үндэслэл болгох хэрэгтэй юм даа. Шагнуулах хүнээ тодорхойлсон байгууллагын тодорхойлолтыг иш болгох хэрэгтэй. Үгүй бол ерөөс зөвхөн Ерөнхийлөгчийн Тамгын газар хэнийг шагнахаа мэднэ гээд зарлах хэрэгтэй. Нурсальтан Назарбаевынхан шиг.
Б.Энхтөгөлдөр




