
Хичээлийн шинэ жил эхэлснээр , нийслэл хөл хөдөлгөөнд орлоо. Зуны гурван сар амарсан хүүхдүүд хичээлдээ орсон ч бие сулбагар, нүдний хараа муудсан, эцэнхий гээд эрүүл мэндийн хувьд анхаармаар байгааг эмч нар хэлж байна. Ялангуяа амралтын зуны хэдэн сард утасны дэлгэцнээс холдоогүй хүүхдүүдийн нүдний хараа эрс муудсан. Нэг ангийн 30 хүүхдийн тал нь харааны шил тааруулснаас харахад тодорхой байдаг хэмээн “Солонго lasik center” эмнэлгийн нүдний эмч Ц.Халиунаа хэллээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Хүүхдүүдийн хувьд дэлгэцийн хэрэглээнээс үүдэн хараа муудах нь хэрээс хэтэрлээ гэх юм. Хэр их ажиглагдаж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дэлгэц ашиглах хугацаа нэмэгдэхийн хэрээр нүдний хараатай холбоотой зовуурь нэмэгдэж байгаа нь илт ажиглагддаг. Гар утас, таблет, компьютерийг удаан хугацаагаар ойроос харах нь нүдийг ядраах, хуурайшуулах, бүрэлзүүлэх зэрэг зовуурь үүсгэдэг. Хүүхэд байнга ойрын зайд юм хараад байвал харааннд муугаар нөлөөлөх эрсдэлтэй.Манай эмнэлэгт хүүхдүүд хичээл, сургууль эхлэх үеэр нүдний үзлэгт хамрагдах нь нэмэгддэг. Ялангуяа дөнгөж сургуульд орж байгаа тав, зургаан настай хүүхдүүд хараагаа шалгуулахаар ирэх нь элбэг.
-Хүүхдүүдийн хувьд хараагаа урьдчилан шалгуулах нь яагаад чухал вэ?
– Хүүхэд хараа муутайгаа өөрөө тэр бүр мэддэггүй. Жишээлбэл, самбар дээрх зүйлийг бүрэн харж чадахгүй байсан ч өөрийнх нь хувьд хэвийн мэт санагдаж болно. Тиймээс сургуульд орохоос нь өмнө харааг нь шалгуулж, шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийлгэх нь хүүхдийн сурах үйл явцад ч чухал ач холбогдолтой. Ярьж, дүрс тодорхойлох чадвартай бол гурван настайгаас эхлэн эмнэлгт хандвал зүйтэй. Хэрэв нүдээ байнга нухдаг, нүд нь хялар буюу гадагшаа дотогшоо гүйгээд өөрт нь захирагдахгүй байвал түүнээс ч өмнө үзүүлэх шаардлагатай.
-Хүүхдийнхээ хараа муудаж байгааг эцэг, эхчүүд хэрхэн анзаарах боломжтой вэ?
-Хүүхдийн хараа муудаж байгааг эцэг, эхүүд анзаарах боломжгүй байдаг. Зарим хүүхэд дэлгэцийг илүү ойроос ширтэх, хүчилж харах гэх мэт. Дээр дурдсанаар багш нар их хэлдэг л дээ. Хүүхдүүд самбар дээрхийг буруу харж хуулж байна гэдэг. Энэ мэт зүйлсийг харж ажиглах боломжтой.


-Бага насны хүүхдийг уурласан, уйлсан үед нь гар утас, дэлгэц үзүүлэн тайвшруулах, сатааруулах нь ямар үр дагавартай вэ?
-Энэ нь зөвхөн хараа муудах асуудал биш. Хүүхэд сэтгэл хөдлөлөө өөрөө зохицуулж сурах үйл явцад нөлөөлдөг. Тиймээс гар утсаар хүүхдийг тайвшруулах нь буруу. Удаан дэлгэц ширтэх явцад хүүхдийн нүдэнд ачаалал их хэмжээгээр өгч байдаг. Үр дагаварт нь хүүхдийн нүд анивчих нь багасаж, нүдний гадаргуу хуурайшдаг. Түүний оронд насанд нь тохирсон тоглоом тоглож, ном уншиж өгөх, зураг зуруулах зэргийг сонгож хамтдаа цагийг өнгөрүүлэх нь чухал. Байгалийн гэрэлд гарган тоглуулах нь зүйтэй.
Байгалийн гэрэлд гарах нь нүдний хараанд сайнаар нөлөөлөх үү?
-Бидний нүд гэрлийн тусгалыг л хардаг. Гэрлийн тусгал хүний нүдэнд орж ирж байх ёстой юм. Нүдэнд орж ирээд торлог бүрхүүл, гэрлийг хүлээж авдаг рецептор ажиллуулдаг. Тиймээс 2-3 цаг байгалийн гэрэл харах нь чухал.
-Бага насны хүүхдээ утсаар саатуулах зуршилтай болсон бол юунаас эхэлж өөрчлөх шаардлагтай вэ?
-Дэлгэцний хэрэглээг бүрэн хориглохоос илүүтэй аажмаар багасгах, хүүхдийн анхаарлыг өөр зүйлд чиглүүлэх нь тохиромжтой. Хамгийн гол нь хүүхдийг тайвшруулах гол арга нь утас байлгах хэрэггүй.
-Эцэг, эхчүүдийн гаргадаг гол алдаа юу вэ?
-Эцэг, эхчүүд дур мэдэн нүдний шил тааруулах гээд байдаг нь нүдний эмчийн зүгээс алдаа гэж хардаг. Баттай үздэг хараа зүйн төв байдаг ч нүдний эмгэг зэргийг тодорхойлох боломжгүй байдаг юм. Нүдний мэргэжлийн эмчийн зүгээс нүдний эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөж байна.Мөн эцэг, эхчүүд хүүхэддээ А витаминыг нэг настайгаас нь өгөх хэрэгтэй. A витамины дутагдлаас болоод үүсэх өвчлөлүүд байдаг. Тийм учраас нэг наснаас эхлээд тогтмол хэрэглэх ёстой байдаг юм.
-Харшил хөдлөх үед нүд их хэмжээгээр загатнадаг. Энэ үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Харшил хэзээ хөдөлдгийг урьдчилан мэдэж, сэдрэхээс нь өмнө сэргийлэх шаардлагатай. Мэргэжлийн эмчид үзүүлэн биеийн онцлогтоо тохирсон харшлын дусаалгыг урьдчилан хэрэглэснээр зовиурыг багасгадаг. Нүд загатнасан үед нүдэндээ хүйтэн жин тавих хэрэгтэй юм. Харин нүдээ хүчтэй нухах болон үрэхийг хатуу хориглоно. Энэ нь зовиурыг улам нэмэгдүүлдэг. Хүйтэн жин тавьж тайвшруулсны дараа эмчид үзүүлэн тохирох эмчилгээг хийлгэх нь зүйтэй.
-Нүдний дусаалга дур мэдэн хэрэглээд хараа муудсан тохиолдол байдаг уу?
- Дааврын найрлагатай дусаалгыг андуурч эсвэл дур мэдэн урт хугацаагаар хэрэглэснээс болж нүдний болор цайх, нүдний даралт ихсэх зэрэг ноцтой сөрөг үр дагавар үүссэн тохиолдлууд бий.
-Хараагаа хамгаалах тал дээр өгөх гол зөвлөгөө юу вэ?
"20/20/20/"-ийн дүрмийг хэвшүүлэх хэрэгтэй. Гар утас үзэх, дэлгэц ширтэх эсвэл хичээл хийх явцдаа 20 минут тутамд 20 секундийн турш 20 фут буюу ойролцоогоор зургаан метрээс хол байгаа зүйлийг ширтэж, нүдээ амрааж байх шаардлагатай. Энэхүү амралтын дүрмийг өдөр тутмын амьдралдаа тогтмол баримтлах нь хараа муутахаас сэргийлж чадна.




