
Монголын оройлох улстөрчид уг нь тун үнэ цэнтэй баймаар байгаа юм. Үйлдэл хөдөлгөөн, үг яриагаараа хэзээд хямдармааргүй байгаа юм. Түвшингээ баримаар байдаг л даа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол бие бялдрын боловсрол, хэлбэр, хувцаслалт, донж төрхөөрөө тэртээ тэргүй “тасарсан” улстөрч. Түүнийг нь бид бүгд мэднэ. Хүндэтгэнэ. Өдий жар шүргэсэн насандаа хүнд төмөр өргөж, гитар барьж урлаг спорт, эрүүл мэндэд уриалж, ид бахтай байдгийг монголчууд олон жишээгээр мэднэ. Ойрын үед энэхүү давтагдмал дүр төрхөө дахин үзүүлж, цэргийн анги дээр очоод 100 килограммыг хэдэнтээ өргөж байгаагаа харуулах нь хямдарсан л явдал болж байгаа юм.
Монголын эдийн засаг, манай улс төрийн дотоод эв ямар бий байгаа билээ. Үүнд Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг оройлон хангах хүн тул арай өөр үйлдэл үзүүлмээр байна. Дэргэд нь дагалдаж, инээвхийлж зогсоо Ж.Энхбаярын тэргүүлдэг Монголын эдийн засгийн салбар, инфляци ямар байгаа билээ. Ж.Энхбаяртаа үг хэлж байвал, тэгж харагдвал зохимоор. Ц.Элбэгдорж нэгэнтээ Х.Баттулгыг сайд байхад ажлаа анхаарахын оронд, элдэв пи ар, сурталд хэт сүржигнэж байгааг өрөөндөө авчирч шүүмжлээд, Х.Баттулга нь хар цагаан дуугүй сонсож суусан шиг, У.Хүрэлсүх Ж.Энхбаярыг эдийн засгаа ингэж өргө, хөрөнгө оруулалтыг ингэж татаач гэж хэлж байвал л илүү зохимжтой цаг байна шүү дээ. УИХ тэртээ тэргүй болзолт хуулийн хугацаа нь болж байгаа ээлжит чуулганаа тосгуулаад долоо хоногийн өмнө ээлжит бус чуулган зарлах юм. С.Бямбацогт дарга ингэж ээлжит бус чуулган зарласнаа өөрөө индэрт гарч ирэн ярьсан нь шив шинээрээ байхад сөрөг хүчин, АН Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гээд яллаад эхэллээ.
Ээлжит бус чуулган зарлуулах дээр тулна, тийм шаардлагыг авна аа гэдэг чинь УИХ өөрөө, спикер нь дутуу, гоомой ажилласны, ажиллаж байгаагийн илэрхийлэл болдог. Уг нь С.Бямбацогт даргад “Чуулганаа болдог цагт нь хуралдуул, харин тэр болтол төсвийн тодотголоо яаж нягтлах вэ гэдгээ л бод” гэж хэлэх сэтгэлтэй, үнэнтэй, туршлагатай ах нар бий л байх. Өөрөө улс төр бодсон уу, явган, ойр зуур, дутуу бодсон шийдвэрээсээ болоод улс төрийн мэхэнд орчихов уу, яав даа, спикер С.Бямбацогт.
С.Бямбацогтын орлогч буюу УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн Дорнын эдийн засгийн чуулган дээр үүрэглэж суугаа бичлэг цахимд яваад байх. Ядарсан байж болох, үүрэглэж ч болох л доо. Гэхдээ Б.Пүрэвдоржийн оройлдог Ардчилсан намынхны хувьд хачин авир хямдрал үзүүлсээр байх аж. Чуулганаа хий, төсвөө тодотгоё гэж ярьж байсан О.Цогтгэрэл олон сарын өмнөөс төлөвлөсөн гээд чуулган нээж байгаа өнөөдрөөс БНХАУ руу одож буй бололтой. Ингэж зохисгүй авирлах хэрэггүй юм даа, О.Цогтгэрэл. Сөрөг хүчин гэгдэх энэ намын дарга өнгөрөгч зун нүүрээ татуулснаас өөрөөр юу амжуулав. Ерөнхийлөгчийн сонгуульд л хүч үзэх нэг тийм бяр “орсон” яваад байх шиг. Үнэхээр улс орондоо санаа зовсон юм бол өнөөдөр чуулганы нээлтэд О.Цогтгэрэл үгээ хэлж, зарчмын ханцуй шамалж байх ёстой билээ. УИХ-д суугаа биш, тэртээ тэргүй намын генсек болсон Сангажавын Баярцогт гэж хуучны ханагараар удирдуулаад тэр айлчлалаа хийлгүүлчихэд болох биш үү. Бас С.Бямбацогтыг сөрж, муухай харагдуулах гэж байгаа юм шиг бэр нь болох гэж байгаа гишүүн С.Цэнгүүнийг авч явж байгаа нь ч хоржоонтой. О.Цогтгэрэл өөрийн үзэл бодолтой мэт ч өөрийн дүрийг бий болгож чаддаггүй дарга юм.
О.Цогтгэрэл яаж ч шогнойх гээд АН-ыг С.Баярцогт, Ц.Элбэгдорж л гэж харах төлөвтэй болчих шиг боллоо. УИХ дээр энэ намар сонсголууд хийгдэхийн нэг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг онилсон мэт дүр зурагтай. Ц.Элбэгдорж гуай нь өөрийн нь “идсэн” гээд байгаа хүүхдүүдтэйгээ Монголдоо харагдаж, бүрэн бүтэн байгаагаа илэрхийлэхэд л энэ сонсгол унана. Тэгэхээр Б.Баярбаатар дарга ямар сонсгол хийх гээд байгаа юм бол доо. Б.Баярбаатарын харьяалагддаг Ардын намын гучийн бүлгийнхэн Булганд хуралдаж байна гэх мэдээ үзэгдэх. Д.Амарбаясгалан, С.Амарсайхан хоёрын зургийг тавьчихсан. Д.Амарбаясгалан Ардын намыг олон жил ялуулж, генсекийг нь хийж явсан хүн, түүнийг генсекээр нь ойлгодог хэсэг МАН-д одоо ч багагүй гэдэг нь ажиглагддаг. Ардын намын аль болох болж бүтэх нь Д.Амарбаясгалан, Н.Учрал хоёр дээр суурилаад байх шиг байгаа юм. Энэ намар илүүтэй тодорно доо. УИХ-ын ээлжит бус чуулган эхлэх энэ цаг дор улс төрийн уур амьсгал иймэрхүү аястай байх шиг байна. Хамгийн гол нь Монголд амьдрал ийм байхад төр улсыг авч яваа гэх дарга нар үйлдэл хөдөлгөөн, үг яриагаараа хямдармааргүй байна.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу