
Ерөнхий сайд Н.Учрал “Би тийм их аядуу зөөлөн хүн биш шүү. Ажлаа хийхгүй байгаа нөхдийг хүний өөрийнгүй явуулна, чангална” гээд хэлнэ билээ. Зуунгидуу маягтай харагдсан. Энэ үгний нь эрч тусгал мэт Б.Баатар найруулагч, Их хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ах дүү хоёр дээр хэрэг нээгээд, таслан сэргийлэх болоод л явчих шиг. Улс төр цаашдаа бүр ч халах төлөвтэй юмдаг уу даа. УИХ-ын үйл ажиллагаа таг гацаж байсанаа бодвол бас ч гэж нэг юм үлгэн салган хуралдах маягтай болж ирлээ.
Ер нь манай улсын улс төрийн нийт зураг төлвийг харахаар эрх, дураараа, танхил, тэгээд хямсгар, ахуй бүтээмж нь дэвдэггүй нэг тийм айл шиг л санагдах боллоо. Тэгээд дотроо бөөн хэрүүлтэй. Хот айлынхан эвлэж нэгдэхэд, эхний бүлэгт хэрүүл тэмцэлгүй байх л чухал байдаг. Гэвч энэ нь Монголын улс төрийн гал тогоонд яг эсрэгээрээ байх нь харамсалтай. Улс төрд зарчим, үнэт зүйл үгүйрээд ирэхээр л ийм болж байгаа хэрэг. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Ганзоригийн Тэмүүлэн ажлаа авахдаа тав зургаан зүйл онцолсон байна билээ. Онцолсон нэг ажил нь авлилгалыг олон талын оролцоотой шийднэ гэсэн нь юм. Энэ нь нийгэмтэйгээ, ард иргэд, олон нийттэйгээ хамжина гэсэн агуулгаар ойлгогдож байгаа юм. Мэдээж олон талын оролцоо туйлын чухал. Жишээлэхэд, одоо энэ тагнуулын газарт шалгагдаж эхэллээ гэгдэж байгаа Л.Оюун-Эрдэнэ З.Дашдаваа даргатай АТГ-т 110 сая долларын нэг асуудал тавиад, улс төрчид тэр их мөнгийг хувааж авсан гэдэг ноцтой мэдэгдэл хийсэн. 110 сая доллар гэдэг бол дөрвөн зуугаад тэрбум төгрөг шүү дээ.
Ийм том хулгайг тийм тодорхой хүн , УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бичлэг сэлттэй, баримттай нь өгсөөр атал одоо хүртэл тэр хэргийн чигээр ямар ахиц гарсан талаар АТГ-аас өчүүхэн ч сураггүй. Хууль зүйн сайд Г.Тэмүүлэн чухам энэ асуудлыг АТГ-т идэвхжүүлж, хуулийн дагуу мухарлуулахад л мөнөөх зарчим, шударга ёсны үнэт зүйл сэргэх, сэвэлзэх шүү дээ. УИХ-ын дэд дарга Бөхчулууны Пүрэвдорж гэхэд, авдар авдар баримт ширээн дээрээ тавиад ярьдаг. Ардын намынхаан, та нарын хулгай замаа алдлаа гээд хэл тагнайгаа ташаад хэлээд байдаг. Тэгээд та нарыг хатуу дэглэмтэй хориход ачна аа гээд шүд зуугаад хэлсэнийг ард түмэн их тархиндаа талархалтайгаар хүлээж авсан байдаг. Хатуу бодсон байдаг юм билээ. Энэ чинь эрх барьсан хүмүүсийн сүүлийн арван оны асуудлын хор шагаас л үүдэж байгаа юм.
Б.Пүрэвдорж гишүүн Монгол орны гурван зуун хэдэн сумыг тойрч яваад байгаа харагддаг. Тэгж явахад нь, хүмүүс “Та тэр луйварчдаа хэзээ ачих вэ” л гэж сануулдаг, асуудаг нь олонтоо мэдээлэгддэг. Ард түмэн тэгж шударга ёсоор цангачихсан байгаа юм. Зарчим , үнэт зүйлийн өлсгөлөнд байгаа. Хууль зүйн сайд Г.Тэмүүлэн чухам энэ учраас л авлига хулгайтай араагаа зууж ноцолдох, үзэх хэрэгтэй юм. Ардчилсан намынхан, Төрийн өмчит компаниудын сүүлийн арван жилийн санхүүгийн тайлан, худалдан авалт, засаглалыг нягтлая, ерөөс тэдгээр компаниудын гэдэс доторхыг нэгмөсөн нэг шалгая, ухая, онгичиё, онош тавья гэж байгаа нь туйлын зөв. Бөхчулууны Пүрэвдоржийн ширээн дээр өрөөтэй байгаа улаан ногоон автобусанд ачихуйц тэр их баримт материалыг л ярихад үнэмлэхүй амжилт болох л доо.
Үнэхээр л чаддаг юм бол. Үүнд нь Г.Тэмүүлэн сайд оройлон туслах ёстой. Ер нь бол, шударга ёс тогтоож, хуулийг сахиулахад Г.Тэмүүлэн сайдад хамгийн их туслах хүн бол Б.Пүрэвдорж л байгаа юм. Энэ хоёр гар нийлээд ажиллачихад, худал хулгайг мухарлаж шалгахад Г.Тэмүүлэний хэлээд байгаа тэр олон талт харилцаа, үйл ажиллагааны амжилт гэдэг нь шууд гарна. Б.Пүрэвдорж гишүүн энд тэнд , казах урианхай, халх дөрвөдгүй сум сумаар яваад уулзалтынхаа төгсгөлд дуулахаар нь ард түмэн маш их түрж, долгисож харагддаг. Тийм түрлэгээр ард түмэн шударга ёсны төлөө Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн хоёрыг уухайлан дэмжих нь гарцаагүй.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу