НИЙТЛЭЛОнцлох

Жилд дунджаар 350-400 шонхор барих квот тогтоодог

Хуваалцах:
Жилд дунджаар 350-400 шонхор барих квот тогтоодог

Нэг шонхорт 25 сая, нэг тагтаанд 12000 орчим төгрөг төлдөг

БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжиннямтай ярилцлаа. 

-Хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэх боллоо. Урьд өмнө ийм тохиолдол гарч байв уу. Энэ удаад хоол тэжээл хайж ирэхээс гадна нөлөөлж буй бусад хүчин зүйл нь юу байна вэ? 

-Хүрэн баавгай сууршлын бүс рүү орж ирж байгаа нь хэд хэдэн шалтгаантай байна. Нэгт, хоол тэжээл хайж, хоёрт, хуурайшилттай холбоотой байна. Энэ нь ой хөвчид хуурайшилт, цаг уурын өөрчлөлт явж байна гэсэн үг. Тиймээс ч баавгай суурин бүс рүү голоо дагаж их орж ирж байна. Баавгай ичихээсээ өмнө бүс нутгаа тогтоодог. Мөн маш их хэмжээний энерги цуглуулж, хоол тэжээлээ базаадаг. Баавгай ичихийн урьд эм баавгайтайгаа бамбаруушаа явуулдаг. Энэ үүднээс бамбаруушаа дагуулсан баавгай их байна. Баавгай сууршлын бүс рүү орж ирж байгаа тохиолдол энэ жил л олон бүртгэгдэж  байгаа болохоос биш өмнөх жилүүдэд ч гарч ирдэг байсан. Өмнөх жилд гэхэд Увс аймагт нэг, хоёр удаагийн давтамжтай орж ирснийг  арга хэмжээ авч, эргүүлээд байгальд нь тавьж байлаа. Энэ жилийн хувьд  баавгай суурьшлын бүс рүү орж ирж байгаа бас нэг шалтгаан нь зэрлэг амьтдын бүс нутаг болох тал хээр, ой руу иргэд нүүдэллэн газар нутгаа тэлсэнтэй холбоотой. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад аль аль тал руугаа газар нутгаа тэлж байна. Бэлчээр, ус гээд олон шалтгаан байна. 

-Өдөр бүр шахам л баавгай тэнд энд явж байна гэх боллоо. Хэчнээн тохиолдол бүртгэгдээд байна вэ? 

-Өнөөдрийн дүн мэдээгээр, суурьшлийн бүс рүү орж ирсэн, харагдсан гэх 400 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Яамнаас сайдын албан даалгаврыг аймгуудад хүргүүлж, дүн мэдээг нэгтгээд явж байна.

-Эн тэргүүнд хийх, яаралтай арга хэмжээ юу байна вэ?

-Засгийн газрын нөөц хөрөнгөөс нэг тэрбум 88 сая төгрөг гаргуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Цацлага, амьд баригч, мэргэжлийн байгууллагад 12 хийн буу худалдан авах зэрэг ажиллагааг зохион байгуулж байна. Мэдээж сонгон шалгаруулалтад хугацаа хэрэгтэй. Ер нь цаашид бэлэн байдалд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авахыг шийдээд яваа. Тэгээд ч баавгайн ичих цаг дөхөж байна. Баавгай аравдугаар сарын сүүлчээр ичдэг.

-Хоол тэжээл, ус ундны дутагдалтай баавгай ичээндээ орох уу?

-Ичнэ. Ичихээсээ өмнө калоритай хүнс тэжээл хуримтлуулахын тулд яваа амьтан.

-Гадаадын жуулчид Алтайн уулсад аргаль угалз агнасан зураг, бичлэг нийгмийн сүлжээгээр цацсан нь олны анхаарлыг татсан. Ер нь манай улс тусгай зориулалтаар хэчнээн төрлийн ан амьтан агнах зөвшөөрөл өгдөг юм бэ? 

-Засгийн газар жил бүр Монгол Улсад тусгай зориулалтаар агнах агнуурын амьтдын тоо хэмжээг тогтоодог. Орон нутгийн саналд үндэслэн аймгийн ерөнхий төлөвлөгөөнөөс гадна тухайн  бүс нутгаас ийм тоо толгойтой байна гэсэн мэдээлэл ирүүлснээр үүнд үндэслэн аймгуудаар тоо толгойг тогтооно. Нийтдээ 17-19 гэхээр ерөнхийдөө аймгууд бүгд л ордог гэсэн үг. Тусгай анд аргаль угалз, тэх, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, саарал чоно, хүрэн баавгай, ятуу, мөн спортын ан гэх загас ордог. Энэ жилийн хувьд Хэнтий, Хөвсгөл аймагт нийтдээ 475 тул загас бариад тавихаар, цаашлаад угалз 85, тэх 132, халиун буга 84, цагаан зээр 115, бор гөрөөс 13, хүрэн баавгай гурвыг агнахаар Засгийн газраас квот тогтоосон байна. 

-Хамгийн их үнэ хүрдэг ямар ан, амьтан байна вэ? 

-Жишиг үнэ гэж байхаас тодорхой хэлэх боломжгүй. Учир нь, орон нутаг өөрсдөө Зөвшөөрлийн болон Амьтны тухай хуулийн дагуу дуудлага худалдаа зохион байгуулдаг. Дуудлага худалдааг зохион байгуулахдаа экологи, эдийн засгийн үнэлгээгээр төлбөрөө авна. Энэхүү төлбөрөөс гадна байгалийн нөөц ашигласны төлбөр хураамж орон нутгийн санд орж, буцаагаад үүнийгээ энэ амьтдаа хамгаалахад зарцуулдаг. Худаг барих ч юм уу. 

Тусгай зориулалтын ангийн дуудлага худалдаанд орж буй  Монгол Улсын аж ахуйн нэгжүүд орон нутагтай гэрээ байгуулаад гаднын тусгай анчдыг авчирч дуудлага худалдаа зохион байгуулж, агнуулдаг нь аялал, жуулчлалыг хөгжүүлж, гаднын улсад Монгол Улсыг сурталчилж байгаа бас нэгэн хэлбэр юм. 

-Арабууд шонхор шувуу, тагтааг олноор барьдаг. Тусгай агнах анд шонхрын зөвшөөрөл олноор хүсдэг үү?

-Шонхрын зөвшөөрөл бас Засгийн газрын тогтоолоор явна. Шонхор дээр тоо толгойг жилд дунджаар 350-400-гаар тогтоодог. Өөрөө нүүдэллэж ирдэг ийм шувуу. Экологи, эдийн засгийн үнэлгээгээр төлбөрөө төлөөд явдаг. Хураамжийн төлбөр, экологийн эдийн засгийн хурамжийн төлбөр нийлээд нэг шонхорт 25 сая орчим төгрөг төлдөг. Тагтаа тусгай эдийн засгийн үнэлгээтэй. Тагтаа барьсан бол экологи, эдийн засгийн үнэлгээ нь 12000 төгрөг хавьцаа байдаг.  2025 онд дуудлага худалдаанаас 7,388,308,540 төгрөг төвлөрсөн бол зөвхөн шонхроос гэхэд 8,740, 890,000 төгрөг төвлөрсөн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих