
Коронавирус дэлхийн олон оронд хурдацтайгаар тархаж байгаатай холбоотойгоор тархалт нь хэзээнээс намжих вэ гэдэг асуулт хүн бүрийн анхаарлыг татаж байна. Үүнтэй холбоотойгоор зарим судлаач вирусийн дэгдэлт цаг агаар дулаарахаар намжина гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм.
Индонезид одоогоор вирусийн халдвар авсан хүн бүртгэгдээгүй бөгөөд үүнийг тус улсын эрүүл мэндийн салбарынхан цаг агаарын байдалтай холбон тайлбарлаж байна. Гэхдээ ямар ч төрлийн вирус өвөл, хаврын улиралд дэгдэлт нь эрчимждэг бөгөөд хамгийн идэвхтэй үе нь арванхоёроос хоёрдугаар сарын хооронд байдаг аж.
Коронавирус бусад төрлийн томуугийн нэгэн адилаар агаар дуслын замаар халддаг нь тогтоогдсон. Харин дулааны улиралд томуугийн төрлийн вирусийн тархалт удааширдаг байна.
Пенсильванийн их сургуулийн Халдварт өвчин судлалын төвийн тэргүүн Элизабет МакГроу "Вирус чийглэг агаарт удаан тэсдэггүй. Дулааны хэм нэмэгдэх тусам улам тэсвэргүй болдог” гэдгийг онцолжээ.
Гэхдээ зарим судлаач 90 орчим мянган хүн халдварлаад байгаа уг вирусийн тархалт дулаарахаар намжина гэдэгт итгэлтэй бус байна.




