УЛС ТӨРОнцлох

Монголын төр бөхчүүд, дуучдыг өндөрт өргөж хөл хөөрцөг болмооргүй байна

Хуваалцах:
Монголын төр бөхчүүд, дуучдыг өндөрт өргөж хөл хөөрцөг болмооргүй байна

Өнөөдөр Монголд хэн мөнгөтэй нь сонгуульд оролцож, улс төрч болдог нэг сайхан жишиг тогтсон. Тэр утгаараа нутагтаа л од болсон дуучин, жүжигчин, бөхчүүд улс төрд ордог болсон моод дэлгэрээд удаж байгаа. Ер нь хүссэн хүн болгон сонгуульд нэр дэвшээд байх нь лав л сайн зүйл биш. Ямар ч мэргэжлийн хүн байсан өөрийн чаддаг зүйлээ л сайн хийх хэрэгтэй.

Дуучин хүн парламентад сонгогдлоо гэхэд УИХ-д очоод дуу дуулахгүй нь ойлгомжтой. Тэр хүн дуугаа сайн дуулж, үзэгч олноо баясгавал болох нь тэр. Бас бөх барилддаг хүн улс төрд оролгүй бөхөө барилдаад явсан нь дээр. Өнөөдөр Монгол улсын парламентад нэлээд хэдэн бөхчүүд сууж хууль батлалцаж байгаа харагддаг. 

Ний нуугүй хэлэхэд тэдгээр хүмүүс тийм ч мундаг мэдлэг чадвартай хүмүүс биш гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулсан. Төрийн бодлогыг тодорхойлход өндөр мэргэжлийн чадварлаг хүмүүс хэрэгтэй. Тэрнээс биш бөх юмуу алиалагчийн хэмжээнд сэтгэж  боддог хүн тэнд ямар ч хэрэггүй. Тийм байтал яагаад нэг бөхийг сонгоод дарга даамал болгоод байгааг Монголын ард түмэн ерөөсөө ойлгохгүй байна.

Тэр утгаараа УИХ болон орон нутгийн сонгуулийн хуульд заавал тодорхой өөрчлөлт оруулж, чадварлаг хүмүүсийг төрийн түшээгээр сонгодог хуультай болох хэрэгтэй. Түүнээс биш үндэсний өв соёлоор далимдуулан ард түмнээр өргүүлж, улс төрд орж ирсэн бөхчүүд, дуучдыг өндөрт өргөж хөл хөөрцөг болмооргүй байна.

Тийм учраас улс орны хөгжил дэвшилд ямар ч хэрэггүй тийм хүмүүсийг толгой дээрээ залж, дэлхий ертөнцийн шившиг болдог энэ тэнэг явдлаа одоо зогсоох цаг нь болсон гэдгийг өнөөгийн эрх баригчид ойлгох хэрэгтэй.    

 

Ж.Батдорж


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх