Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 109 хүнээс коронавирус илэрчээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна.
Тодруулбал, Улаанбаатар хотод 96, Төв аймагт 7, Завхан аймагт 2 хүнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 3 481-д хүрлээ. Харин дотоодод бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 2952, Улаанбаатар хотынх 2608 болж байна.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгальмаагийн мэдээлснээр, улсын хэмжээнд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, УНТЭ, Сэлэнгэ, Дархан, Дорнод, Дорноговь аймагт ажиллаж буй салбар лабораториудад нийт 11 170 хүнд шинжилгээ хийжээ.
Одоогоор шинээр батлагдсан 109 хүний 104 хүн нь ойрын хавьтал бол, таван хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байгаа аж. Эдгээр нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 12, 20, 35 дугаар хороо, Хан -Уул дүүргийн 15 дугаар хороонд оршин суудаг хүмүүс юм байна.




