
Баянзүрх дүүргийн 26-р хороонд энэ сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Хөл хорио тогтоосон гурав хоногийн хугацаанд тус хорооноос Covid-19-ийн 28 батлагдсан тохиолдлыг илрүүлж, ойрын хавьтал болох 70 гаруй хүнийг тогтоон, иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Улмаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан иргэдээс PCR шинжилгээ авч дууссан бол ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай хэрэгжүүлж, хөл хорионы дэглэмийг өнөөдөр (2021.03.20) 06:00 цагт цуцлах үүрэг өгсөн учраас хөл хориог цуцалжээ.
Үүнээс гадна өчигдөр тус дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Элизабет" хотхоны 214 дүгээр байрнаас 39 настай эмэгтэй унаж нас барсан хэрэг гарсан бөгөөд өдгөө уг хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.




