
Олборлолтоос оюун санаа руу …
www.mindgolia.mn системийн онцлог юу вэ?
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гаргаж, үргүй зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний программ хангамжийн их дэлгүүр www.MINDGOLIA.mn системийг нээж байна. Эдгээрийн үр дүнд дотоодын компаниудын хөгжүүлсэн системийг дотоод, гадаадын олон байгууллага шууд ашиглах боломжийг нээх, тендер зарлаж программ захиалдаг тогтолцоог халах, цаг хугацааг бодитоор хэмнэх, төсвийн хэмнэлтийг бий болгох, системүүдийн харилцан уялдааг хангах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зэрэг давуу байдлыг төрд бий болгох юм.

Хэчнээн, ямар төрлийн бүтээгдэхүүн байршсан бэ?
Одоогийн байдлаар 100 гаруй компанийн 180 орчим бүтээгдэхүүн байршсан ба өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монгол инженерүүдийн оюун ухаанаар бүтсэн программ хангамжийн их дэлгүүрээс өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнийг сонгоход энэ систем тусална.
Анхны ямар худалдан авалт хийгдээд байна вэ?
Уг системийг хөгжүүлж туршсан сүүлийн 30 хоногт 5 төрлийн 4,5 тэрбум төгрөгийн системийг 21 аймгийн 248 ЕБС хэрэглэснээрээ төлбөрийг нь төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан байна.

Программ хангамжийн үйлдвэрлэлийн салбарын орлого
Манай улсын программ хангамжийн үйлдвэрлэлийн салбарт 300 гаруй Монгол компани, 2000 гаруй залуус оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөж, бүтээж, боловсруулж байна. 2021 оны мэдээлэл, харилцаа холбооны салбарын компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагааны орлого 144,154 тэрбум төгрөгт хүрсэн нь үүнийг илтгэж байна.

Төрийн программ хангамжийн худалдан авалтын баримт
2012-2021 онд улсын хэмжээнд нийт 12 яам, 13 агентлаг тэдгээрийн харьяа 33 байгууллагад улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжаар 904 мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд түүнд 919,1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн 2022-2024 онд 16 яам, 13 агентлаг, 14 аймаг, нийслэл, тэдгээрийн харьяа болон дэргэдэх 106 байгууллагын хэмжээнд 997,8 тэрбум төгрөгийн 357 мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн төрийн байгууллагууд сүүлийн 3 жилд сервер, хадгалах тоног төхөөрөмжид 36 тэрбум, программ хангамжийн лиценз болон зөвлөх үйлчилгээнд 26 тэрбум, мэдээллийн аюулгүй байдлын программ хангамжид 2 тэрбум, сүлжээний тоног төхөөрөмжид 1 тэрбум буюу нийт 64 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Түүнчлэн 2024 он хүртэл яам, агентлаг, аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газар, тэдгээрийн харьяа болон дэргэдэх байгууллагууд сервер, хадгалах тоног төхөөрөмжид 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
Төрийн программ хангамжийн худалдан авалтын асуудал
Төрийн байгууллага захиалгат систем хөгжүүлэхэд өртөг өндөр, цаг хугацаа их зарцуулдаг бөгөөд үйл ажиллагааны зардал ихтэй, өөр байгууллагад ашиглах боломжгүй байдлаар хөгжүүлэлтийг хийлгэдэг зэрэг хүндрэлтэй асуудал байнга үүсэж байдаг.
Төрийн программ хангамжийн худалдан авалтын өнөөгийн нөхцөл байдал
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу, Төрийн худалдан авах ажиллагааны газраас www.tender.gov.mn цахим хуудас ашиглан төрийн худалдан авалтыг зохион байгуулж байна. Ингэхдээ Сангийн сайдын 2017 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын дагуу дээрх цахим хуудасны “Цахим дэлгүүр”-т бараа бүтээгдэхүүнийг байршуулан, шууд худалдан авах боломжийг захиалагчид олгож байна. Гэсэн хэдий ч “Цахим дэлгүүр”-т тавигдсан программ хангамжийн тоо хэмжээ, нэр төрөл хангалттай биш байна.

Гадны улсын туршлага
Олон улсад тухайн улсынхаа хуульд нийцүүлэн төрийн худалдан авалтыг цахим систем ашиглан зохион байгуулдаг бөгөөд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад Crown Commercial Service (CCS) агентлаг нь https://www.digitalmarketplace.service.gov.uk цахим платформоор дамжуулан төрөл бүрийн худалдан авалтыг хийдэг. Энэ цахим платформын клауд байдлаар хүргэх үйлчилгээ буюу хостинг (hosting), программ хангамж (software), үйлчилгээ (support)-ний худалдан авалт 2013 онд 5 сая евро байсан бол 2021 онд 263 сая евро болж өссөн байна.

Программ хангамж үйлдвэрлэгчдэд тавих шаардлага
Программ хангамж үйлдвэрлэгчийг компанид нь тавих шаардлагаар бус бүтээгдэхүүнийх нь чанарт суурилсан үнэлгээгээр шалгаруулна. Шинэ болон start up компаниуд ТОП компаниудтай ижил гараанаас өрсөлдөх боломж бүрдэнэ. Тиймээс өөрийн үйлдвэрлэсэн оюуны бүтээлээ www.mindgolia.mn платформд бүртгүүлэн байршуулж төрийн болон хувийн хэвшлийн худалдан авагчдад санал болгохыг хүсье.
www.mindgolia.mn -ийн нээлтийн арга хэмжээнд 350 орчим программ хангамж үйлдвэрлэгчдийн төлөөлөл, 250 орчим худалдан авагч, хэрэглэгч талыг төлөөлсөн төрийн байгууллага, яам, агентлаг, төрийн өмчит компанийн төлөөллүүд оролцож байна. Уул уурхайд суурилсан эдийн засгаас оюун ухаанд суурилсан эдийн засагт тэмүүлье.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу