
Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгуульд “шарк” Б.Пунсалмаа нэр дэвшихээр болсон.
Энэ сарын 25-нд болох уг холбооны сонгуульд одоогийн байдлаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Б.Жаргалан, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, “М-Ойл групп”-ын гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа гэх гурван эмэгтэй нэр дэвших нь тодорхой болоод байна.
“М-Ойл групп”-ын гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа: "Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооныхоо үйл ажиллагаанд шинэ технологиудыг нэвтрүүлж, шилэн, нээлттэй, гишүүдээ сонсдог, мэдээллийг тэгш хүртээмжтэйгээр нэгэн зэрэг хүргэдэг ухаалаг холбоо болгоно. Энэ үйл хэрэгт Монголд үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн технологийн 68 компанийг эгнээндээ нэгтгэсэн ICT групп хамтран ажиллах болно.
Намын залгамж халаагаа системтэй бэлтгэж, залуу эмэгтэйчүүдийг намд тухайлсан зорилго тэмүүлэлтэйгээр элсэхэд бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллана. Манай намын гишүүдийн дундаж нас хорин жилийн өмнө хэд байгаад өнөөдөр хэд болсныг бид бодох сөхөөгүй явж. Монголд Ардчилсан хувьсгал эхлүүлсэн хориодхон настай залуус шиг шижигнэсэн залуус өнөөдөр яагаад намд нүдний гэм болоод байна вэ? Би залуу үедээ итгэдэг. Итгэх шалтгаан бага байсан ч итгэсэн итгэлийг минь ядаж дааж сураг гэж боддог. Тэд нэг л өдөр гайхамшиг бүтээнэ. Гайхамшиг бүтээнэ гэж бүрэн дүүрэн итгэдэг хориодхон настай залуусын хамтран байгуулсан компанид би хөрөнгө оруулсан. Энэ бол дэлхийд гарах AIREE" гэлээ.




