УЛС ТӨРОнцлох

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Э.Бат-Амгалан нарын санхүүгийн луйвар хүрээгээ тэлсээр...

Хуваалцах:
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Э.Бат-Амгалан нарын  санхүүгийн луйвар хүрээгээ тэлсээр...

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, түүний нөхөр Р.Батбаяр нар “Хос мөнгөн зам” ХХК–иараа төрөөс Сонгино-Хяргас нуур чиглэлийн 135,5 км хатуу хучилттай автозам барих тендер авч,улмаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” ХХК-иар гүйцэтгүүлээд мөнгийг нь өгөлгүй хохироосон хэргийн баримт ар араасаа ил болж, харин завшсан гэх нөхөд хэчнээн мэлзсэн ч санхүүгийн баримт нотолгоо бүхнийг илчлээд байна. Тодруулбал, Б.Пунсалмаа гишүүний нөхөр Р.Батбаяр, УИХ-ын гишүүн Барилга, оронсууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нар улсаас их хэмжээний мөнгө гаргуулж, улмаар уг мөнгөний нэгээхэн хэсгийг Э.Бат-Амгалангийн сонгуулийн санхүүжилтэд зарцуулсан байж болзошгүй сэжүүр илрээд байгаа юм.

Гэтэл Э.Бат-Амгалан сайд хэвлэлийн хурал зарлаж, Б.Пунсалмаатай мэндийн зөрүүтэй л явдаг. Дүү Э.Батбаяр нь 40 гарсан эр. Хаана юу хийж явдгийг мэдэхгүй. Бизнесээ л хийж явдаг байх” хэмээн мэлзсэн юм.

Тэгвэл мөнгө мөртэй, санхүүгийн баримт бүхнийг нотолдгийн жишгээр,  УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаярын гарын үсэгтэй, 6.800.000.000 /зургаан тэрбум найман зуун сая/ төгрөгийн дүн бүхий зургаан удаагийн гүйлгээ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүүгийн эхнэр Э.Энхмаагийн “Би Эй Ти девелопмент партнерс” компанийн данс руу шилжүүлсэн баримт ил болов. Хамгийн ноцтой нь, төрөөс “Хос мөнгөн зам” ХХК-д концессын төлбөр олгож эхлэх ёстой цаг хугацаанаас хойш буюу 2021 оны наймдугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд “Би Эй Ди девелопмент партнерс” ХХК-руу гурван удаагийн гүйлгээгээр 4,8 тэрбум төгрөг шилжүүлжээ. Мөн компанийн данснаас 2021 оны таваас наймдугаар сарын хооронд бэлнээр 2,7 тэрбум төгрөг зарлагадаж, 500 саяар хоёр удаа, нэг тэрбумаар нэг удаа нийт хоёр тэрбум төгрөгийг “Би Эй Ди девелопмент партнерс” ХХК-руу шилжүүлсэн байна.

Энэ мэт санхүүгийн баримт нотолгоо УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяр, УИХ-ын гишүүн, Барилга, оронсууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болоод төрсөн дүү Э.Батбаяр, түүний эхнэр Э.Энхмаа нар холбоотой гэх баримт ил болж, хүрээгээ тэлсээр...

Энэ талаар Нийслэлийн прокурорын  газрын эх сурвалж “Авто зам барих гэрээгээр тохиролцсон 62 сая ам.доллароо бусдад залилуулсан” гэсэн гомдлыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” XXK-ийн захирал С.Г 2023 оны арванхоёрдугаар сард цагдаагийн байгууллагад ирүүлсэн.

Гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны арванхоёрдугаар сарын 12-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг хаах саналыг мөрдөгч гурван удаа прокурорт ирүүлсэн байдаг. 2025 оны есдүгээр сард “Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, эд хөрөнгийн маргаан” гэж үзэн, хэргийг хааж шийдвэрлэсэн” гэв.

Монголын эрхтэн дархтнууд, тэр дундаа Улсын ерөнхий прокурор асан нь хүртэл гадаадын хөрөнгө оруулалттай компанийн эд хөрөнгө,олон тэрбум төгрөгийг эрх мэдлээрээ далайлган залилан авч, Монголд гишгэх газаргүй болгож улмаар нутаг буцахаас аргагүй болтол дарамталж байсан тохиолдол бий. Цаг тухайд нь энэ мэт луйврыг таслан зогсоогоогүйн балаг өнөөдөр ч үргэлжилсээр байгаагийн тод жишээ Б.Пунсалмаа, Э.Бат-Амгалан болон тэдний хамаарал бүхий компани,хүмүүсийн ноцтой үйлдэл болж байна.   

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх