
Хувийн эрх зүйн асуудлыг зохицуулж байгаа суурь хуулийн нэг нь 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хууль боловч тус хууль нь 2002 онд баталсан Иргэний хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэхгүй, цаашлаад хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйгээс гэр бүлийн харилцаанд олон асуудал үүсэхэд хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж, тулгамдаж буй олон асуудлыг зохицуулж чадахгүйд хүрчээ. Тиймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан юм.
Хуулийн төсөлд монгол хүний удмын санг хамгаалах, гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчилж, гэм хорын хохирол төлүүлэх, гэрлэгчид эд хөрөнгө эзэмших, өмчлөх, хүүхдээс тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран эцэг, эхийн хүлээх үүрэг, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг тусгасан байна.
Энэ удаагийн хуулийн төсөлд орсон онцлох заалтад залуу гэр бүлийг хэрхэн дэмжих, хүн амаа өсгөх бодлогод төр ямар зохицуулалт хийх талаар оруулснаараа давуу талтай. Тухайлбал, хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлийн дараах орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заажээ. Үүнд,
-Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн эхнэр, нөхрийн аль нэгний цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогыг татвараас чөлөөлнө.
-7.2.1 Залуу гэр бүл, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа орон сууц худалдан авах тохиолдолд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10.1.2-д заасан Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгөөр төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрт эхний ээлжид хамруулна.
-7.2.3-т энэ хуулийн 7.2.1-т заасан хөтөлбөрт хамрагдах боломжгүй дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийг эхний ээлжид түрээсийн орон сууцанд хамруулна.
-9.1.1-д сургуулийн өмнөх болон бага боловсролд хамрагдаж байгаа хүүхэдтэй ажилтны хүсэлтээр хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэг, сургуульд хүүхдээ хүргэж өгөх, авахад нь зориулж, ажилтны цалин хөлсийг нь бууруулахгүйгээр ажлын цагийг хоёр хүртэлх цагаар богиносгохоор тус тус заажээ.
Цаашлаад,
-Гэрлэлт цуцлалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалттай хамтад нь заавал шийдвэрлэнэ.
-Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтоох, хугацаандаа төлөхгүй бол алданги бодох, хүүхдийн тэтгэлгийг сургуульд сурч байгаа 18-21 насны болон асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгоно.
-Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалбал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлоо нөгөө тал нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзэх. Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байна.
-Таваас доошгүй жил хамтран амьдарч, эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын амьдрал дуусгавар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган үзнэ.
-Цус ойртолтоос сэргийлж, садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулж, гэрлэлт бүртгэхээр тусгана.
-Хүүхдийг үрчлүүлэх асуудлыг Засаг дарга бус шүүх шийдвэрлэдэг байдлаар үрчлэлтийн асуудлыг олон улсын жишигт нийцүүлэх зэргээр шинэчилжээ.
Хамгийн гол нь Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл учраас ихээхэн ач холбогдолтой, шүүхийн шатан дахь эвлэрүүлэн зуучлах тогтолцоо, процессыг бий болгож, гэр бүлийн хэргийг үр дүнтэй шийдвэрлэх боломжийг бүрдүүлжээ.
Гэр бүлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, ажил амьдралын тэнцвэрийг хангах, эх, эцэг, хүүхдэд чиглэсэн мөнгөн тэтгэмж олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх бодлогын зохицуулалтыг ч давхар тусгасан бөгөөд энэ нь тогтвортой хөгжилд суурилсан нийгмийн хамгааллын цогц тогтолцоог бүрдүүлэх зорилготой юм.




