МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар татвар, нийгмийн даатгалын шимтгэл (НДШ), тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой МАН-ын бодлогын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Татвар, НДШ-ийн талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар танилцуулсан. Мөн “Ардын нам ард түмэндээ” аяныг улс орон даяар 330 суманд өрнүүлэхээр төлөвлөж байна” хэмээв.
Цаашлаад иргэд МАН-д олонхын суудал олгосон учраас 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан иргэд, бизнес эрхлэгчидтэй холбоотой томоохон хуулийн төслүүдийг энэ хаврын чуулганаар яаралтай хэлэлцэх шаардлагатай байгаа гэв. Тухайлбал, татварын шинэчлэл, нийгмийн даатгалын шимтгэлийн өөрчлөлт, тэтгэврийн шинэчлэл, Бизнес эрх чөлөөний тухай зэрэг 4-5 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж буйг онцлов. Энэ талаар “Эдгээр асуудалд яаралтай шийдэл хэрэгтэй. Ахмадууд гадаа жагсаж байна. Тэтгэврийн асуудалд хоёр том сорилт бий. Нэгдүгээрт, итгэлцүүрийн буруу тогтолцооноос үүдэлтэй 163 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагатай. Хоёрдугаарт, нийт ахмадын тэтгэврийг зөв, өгөөжтэй байдлаар нэмэхгүйгээр зөвхөн инфляцтай уялдуулан нэмэх нь сэтгэл ханамжийн түвшинд хүрэхгүй байна” гэв. Иймээс тэтгэврийн тогтолцоог илүү шударга, үр өгөөжтэй болгох чиглэлд шинэчлэл хийх шаардлагатайг МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга онцоллоо.
Тиймээс маргааш буюу бямба гарагт МАН-ын өргөтгөсөн хуралдаан Их тэнгэрт болж, энэ талаар хэлэлцэн тодорхой шийдвэр гарган танилцуулна гэлээ.