
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Бүлгийн дарга Ж.Батжаргал "УИХ-ын хаврын чуулганыг 2026 оны долоодугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хуралдаад завсарлуулахаар төлөвлөж байна. Чуулган завсарлах хугацаа дөхсөн учраас хэлэлцүүлэгт байгаа гол хуулиудаа эцэслэн батлах шаардлагатай байна. Тухайлбал, Бизнесийн эрх чөлөөний тухай, Татварын тухай, Нийгмийн даатгалын тухай зэрэг хуулиудыг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхийг бүлгийн гишүүд дэмжлээ" хэмээн мэдэгдлээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь олон жил ажилласан бол илүү тэтгэвэр тогтоох, баталгаат тэтгэврийн зохицуулалтыг тусгасан агуулгатай. Хуулийг шинэчилснээр тэтгэврийн насны 504 мянган иргэний тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэхээр хуульд тусгасан. Мөн тэтгэврийн хуримтлал, хувийн нэмэлт тэтгэврийн бодлогыг хэрэгжүүлэхээр хуульд тусгасан байна.




