ОХУ Энэтхэг, Казахстанаас шатахуун импортлож эхэлжээ

Хуваалцах:
ОХУ Энэтхэг, Казахстанаас шатахуун импортлож эхэлжээ

Украины талаас газрын тос боловсруулах үйлдвэр болон агуулах руу дроноор хийсэн халдлагын улмаас үүссэн шатахууны хомсдол өдөр тутмын амьдралд саад учруулж байгаа тул Оросын үр тарианы бүс нутгийн тариаланчид ургацаа хурааж авч чадахгүй вий хэмээн санаа зовниж байна. Киев хот Оросын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх замаар Москваг энх тайван тогтооход шахалт үзүүлэхийг оролдож буй энэ үед учирсан хохирол нь газрын тосны арвин нөөцтэй Орос улсын шатахууны хангамжийг хязгаарлагдмал байдалд оруулж, улмаар ихэнх бүс нутагт хязгаарлалт тогтоох, олон нийтийн дунд бухимдал нэмэгдэхэд хүргээд байна.

 Энэ байдал жолооч нарыг газрын зураг, мэдээллээ хоорондоо хуваалцаж, аль шатахуун түгээх станцад түлш байгаа, хаана дараалал бага байгаа талаарх мэдээлэл солилцоход хүргэжээ. Түлшний хомсдол нь хүмүүсийн уур бухимдлыг ч нэмэгдүүлж байгаа бөгөөд олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгүүдээс шатахуун авах гэж хүлээх зуураа хоорондоо маргалдаж, зодолдож буй жолооч нарыг харж болно.

“Reuters” агентлагийн тооцооллоор, ОХУ-ын зарим бүс нутагт жижиглэнгийн худалдааны шатахууны үнэ Европ дахь хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа аж.

Оросын хяналтад байдаг Крымийн хамгийн том хот болох Севастопольд бензиний үнэ зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд 30 хувиар өссөн тухай Оросын статистикийн алба (Росстат) лхагва гарагт мэдээлжээ. Росстатын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Орос улсад бензиний дундаж үнэ литр тутамд 72.38 рубль (0.9256 ам.доллар) байсан хэдий ч түлшний хомсдолд өртсөн бүс нутгуудын зарим шатахуун түгээх станцад үнэ литр тутамд 2.42 ам.долларт хүрч байсныг "Рейтерс" агентлаг мэдээлжээ.

Киевийн явуулж буй ажиллагааны нөлөө хүрээгээ тэлж буй нь Оросын эрх баригчдын хувьд таагүй нөхцөл байдал үүсгэж байна. ОХУ 2022 онд "тусгай цэргийн ажиллагаа" гэж нэрлэсэн дайралтаа эхлүүлснээс хойш Украины эрчим хүчний дэд бүтцэд удаа дараа цохилт өгч, үүний улмаас украинчууд өвлийн улиралд цахилгаан, дулаан хангамжгүй үлдэж байсан билээ. Москва анх түлшний хомсдолыг орон нутгийн шинж чанартай, түр зуурын асуудал хэмээн ач холбогдол өгөхгүй байсан ч ням гарагт Ерөнхийлөгч Владимир Путин асуудал үүссэнийг хүлээн зөвшөөрч, зах зээлийг тогтворжуулах арга хэмжээ авахаа амласан байна.

МОСКВА АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ БАЙГАА ГЭЖ МЭДЭГДЛЭЭ

Эрчим хүчний асуудал хариуцсан гол албан тушаалтан, Шадар сайд Александр Новак лхагва гарагт уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдэгдэв. ОХУ Энэтхэгээс далайгаар бензин импортлож эхэлсэн, мөн Казахстан улс 7, 8-р сард Орос руу 50,000 тонн бензин нийлүүлэхээр тохиролцсон тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

https://www.reuters.com/business/energy/russian-frustration-rises-fuel-crisis-bites-2026-07-02/


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих