
Сүүлийн 30 жилийн хугацаанд ОХУ дахь хүрэн баавгайн тоо толгой хоёр дахин нэмэгдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хүн рүү дайрах тохиолдол олширсон нь эрх баригчид болон хууль тогтоогчдыг уг эрсдэлийг бууруулах шинэ арга замуудыг эрэлхийлэхэд хүргээд байна. Мөн тус улс даяар баавгайтай таарсан тухай мэдээллийг газрын зураг дээр тэмдэглэх бие даасан цахим төсөл хэрэгжиж эхэлсэн байна. "WhereBear" төсөл нь албан ёсны эх сурвалж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нээлттэй эх сурвалж болон хэрэглэгчдээс ирсэн баавгай харсан, халдлагад өртсөн, мөр нь таарсан тухай мэдээллийг нэгтгэн, Оросын интерактив газрын зураг дээр тэмдэглэж, иргэдэд анхааруулга өгөх зорилготой аж. Байгалийн нөөцийн яамны мэдээлснээр, ОХУ-д нийт 307,900 хүрэн баавгай амьдардаг.
Баавгайн тоо толгой Сибирь болон Алс Дорнодод хамгийн их төвлөрдөг бөгөөд үүнд Красноярскийн хязгаар (26,600), Хабаровскийн хязгаар (26,200), Камчатка (24,200) зэрэг бүс нутаг тэргүүлдэг байна. Мөн Иркутскийн мужид 22,400, Якутад 18,800 орчим баавгай байдаг гэж тооцоолжээ.
Энэ онд албаныхан нийт 22 бүс нутагт баавгайн халдлагын 59 тохиолдлыг бүртгэсний улмаас 21 хүн амиа алдаж, 38 хүн бэртэж гэмтжээ. 2025 онд 34, 2024 онд 19 халдлага бүртгэгдэж байв. Албаныхны мэдээлснээр, сүүлийн жилүүдэд жилд дунджаар 20-30 халдлага бүртгэгддэг аж. Тухайлбал, 2014 онд 166 халдлага бүртгэгдэж байжээ. Красноярскийн хязгаарт зөвхөн есдүгээр сард л гэхэд баавгайн халдлагад өртсөн (эсвэл өртсөн байж болзошгүй) зургаан хүн амиа алдсаны улмаас хууль сахиулагчид хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэмт хэргийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу