1. Төрийн данхайсан бүтцийг өөрчлөх шаардлагатай. Олон яам, олон агентлагтай. Шаардлагагүй мөртлөө олон ТӨК-иудтай байгаа нь Монгол төрийн сул тал болсон. Төрийн инженерчлэлийг хийх цаг нь болсон. Парламент үүнд анхаарч ажиллана.
  2. Хаврын чуулган төрийн инженерчлэлийн үзэл баримтлалыг баталсан. Засгийн газарт тогтоолоор үүрэг өгсөн байгаа. Хэдэн мянган давхардсан шаардлагагүй процессыг үгүй хийх ёстой. Ард иргэдэд хүнд сурталгүй үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлнэ.
  3. Хууль тогтоомжийн хуульд хаврын чуулганаар өөрчлөлт оруулсан. Монголд авлигын суурь болсон олон мянган дүрэм журмыг хуульд шингээх зорилго агуулснаар энэ хууль тогтоомжийн хуулийн өөрчлөлтийг хийж чадсан. Нэг ёсондоо Монголд нийтлэг харилцааг зохицуулж байгаа 350 орчим хууль, 2768 журам байна. Нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар, 70 хувийг нь дүрэм журмаар зохицуулж байгаа нь тэгш бус харилцаа, эрх мэдэлтэй хүмүүст илүү боломж олгох нөхцлийг бүрдүүлж байна гэж үзэж байгаа. Иймээс ирэх оны тавдугаар сарын дотор энэ олон журмыг хуульд шингээхэд анхаарч ажиллана.
  4. Татварын багц хуультай холбоотой асуудалд иргэд, бизнес эрхлэгчдийн зүгээс ирсэн олон гомдол, санал бий. Иргэдийн хүсэж байгаа хэмжээний хуулийн төсөл байна гэж би дүгнэж байна. Татварын багц хуульд өнгөц өөрчлөлт хийх нь хангалтгүй. Засгийн газраас өргөн барихаар бэлтгэн, иргэдийн саналыг авч байгаа хуулийг харлаа. Иргэдийн хүсэж байгаа өөрчлөлтийг хийж чадаагүй төсөл гэж харагдаж байна. Монгол Улс өнөөдөр татвараар орлогоо бүрдүүлдэг. Өндөр хөгжилтэй улсын жишээг харахад татварыг юуны төлөө хөнгөлж, ямар зарчмаар явдаг вэ гэдгийг харж, тусгах шаардлагатай. Би Казахстан улсад сая айлчлаад ирсэн. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад ялгавартай хандахгүйгээр татварын орчныг бүрдүүлж өгснөөр олон томоохон төслийг хэрэгжүүлж байна. Ингэхээр намрын чуулганаар татварын реформ хийхэд  ажиллана.
  5. Нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой асуудлыг ярина. Нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах боломжгүй гэж үе үеийн Засгийн газар хэлж ирсэн. Гэтэл бусад улс орны хуримтлалын нэрийн данстай болчихоод байгааг намрын чуулганаар ярьж, хэлэлцэж тусгана. Иргэдийн зүгээс нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах гэдэг хүсэл сонрихол өндөр байхад үүнтэй нийцээгүй хуулийг өргөн барьсан учраас би хүлээж аваагүй" хэмээсэн.