
Энэлэнт нэгэн монгол эцэг С.Шаарийбуугийн шударга ёсны төлөө цуглуулсан баримтуудыг хүмүүс хараа биз ээ. Энэ цахим орчноор нэг нийтлэгдээд, монголчуудаа дэмжихийг уриалсаар байна. Энэ эцэг бусдын гарт амь үрэгдсэн охиныхоо нэр төрийг аварч, уучлал гуйлгах гэж, гэмтнүүдийг шударга ёсны шүүхээр шүүлгэх гэж бүх насаа зориулж байгаа хүн. Шударга ёсыг тогтоох ийм их нэхэлтэй, ийм их дэг ёстой. Хүн төрөлхтөн гагцхүү хуулийн дор, шударга ёсны үйлчлэл дор энэ нийгэм гэгчдээ захирагдан, өдийг хүрсэн, цаашид яаж өндөр ололтод хүрсэн ч хуулийн шударга ёсны дор амьдрал үргэлжлэх нь гарцаагүй юм. С.Шаарийбуу гуайн баталгаажуулсан баримтыг үзвээс, илтэд, нэгэн портер машины элбэг ачаа байхаар их юм.
Гэтэл С.Шаарийбуу гуайн эдгээр цуглуулсан баримт шиг ингэж дэвхийтэл өрсөн мөнгийг машин машинаар Монголын авлигачид зөөсөн гэх юм. Бүр доллараар шүү дээ. Үүнийг амь насаараа, бүх амьдралын утга учраараа дэнчин тавьж байна гэж мэдэгдээд, Хууль зүйн сайд, Улаанбаатар хотын дарга байсан Хишгээгийн Нямбаатар мэдэгдчихлээ. Ингэж мэдэгдэхдээ бүх ертөнц даяар нээлттэй ярьчихлаа. Тэгээд энэ мөнгийг У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ, Р.Мэргэн, Б.Ганхуяг, Б.Удаанжаргал, Б.Баярсайхан гэдэг хүмүүс авсан, өгсөн хүмүүс нь Д.Баясгалан, А.Амундра гэгч хүмүүс гэдгийг ч хэлчихлээ. “Голомт инвестмэнт”-ийн гүйцэтгэх захирал О.Ганжолоо гэдэг хүнийг хамгаалалтад авч, түүний мэдүүлгээс бүх юм хөврөх учигтай байна.
Авлигын ийм ноцтой хэргийг илчиллээ гэдгээ Х.Нямбаатар зарлалаа. Одоо яах ёстой вэ, хэрвээ Монгол оронд Үндсэн хуульт ёс мөрдөгдөж байгаа бол эдгээр хүмүүс шалгагдах ёстой.
АТГ, Цагдаагийн газар, Тагнуулын Ерөнхий газар, Аудитын ерөнхий газар, Монгол банк бүгд ажиллах ёстой болжээ. Нэг ч хором цаг алдалгүй энэ хэргийг шалгах ёстой. Түүнчлэн хянан шалгах, төрийн эрх барих дээд байгууллага УИХ, Засгийн газар, спикер С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар ч хуулийн дагуу эл асуудлыг нэн бодьтой магадлаж, асуудлыг нэг талд гаргаж шийдэхгүй бол Монгол Улс дэлхийд авлигын үүр уурхай болж харагдах нь. Ямар ч хууль ёс үйлчилдэггүй ширэнгийн улс орон болж үзэгдэх нь. Төрийн тэргүүн, төрийн эрх барьж буй намын генсек, Засгийн газрын сайдуудын сайд хүртлээ нэр холбогдсон, авлига авсан гэгдсэн энэ үйл явдал бол Монголын нэр нүүрийг ичгүүрийн зуданд, гамшигт аваачиж байгаа нь дэлхийн хүмүүсийн нүд нүүрэнд толилуулагдаж байгаа нь гунигтай.
“110 сая долларын” гэдэг энэ хэргийн тухай их удаан яригдсан. Одоо туйлдаа хүрч байх шиг байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эл асуудлаар нээлттэй сонсгол явуулах гэхээр гарын үсэг зурах хүний тоо бүрддэггүй гэдэг. Одоо Н.Номтойбаярын энэ хэрэг магад бүтэх биз. Улс даяараа дөрвөн зуу шахам тэрбум төгрөгийн ийм хулгайг ил тод хүн ярьсаар байтал асуудлыг шийдэх ёстой, төрийн эрх барих дээд байгууллагын гарын үсгээ зурдаггүй гишүүн гэж байхгүй байлгүй дээ. Н.Номтойбаяр сайд чухам цаг алдалгүй сонсгол явуулж эх орон, ард түмний шударга ёсны хүсэл эрмэлзэлд чин туслах нь түүхэн чухаг үүрэг байх нь тодорхой байна. Ийм ноцтой асуудлыг монголчууд нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөвөл үндэстний нэр сүр, оюун санаа, үнэт зүйл ертөнцийн адагт тавигдах тул Монгол Улсын ИХ хурлын эрхэм гишүүд сэрэх хэрэгтэй, тэмцэх хэрэгтэй байна.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу