
ЦХИХХ-ны сайд Ч.Номин нарын Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн талаар анагаах ухааны доктор, зөвлөх эмч Ж.Амарсанаа байр сууриа илэрхийллээ.
-Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байна. Та энэ хуулийг дэмжиж байна уу?
Ний нуугүй хэлэхэд сошиал хэрэглээ Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд эрүүл мэндийн талаас ухралт болсон юм. Яагаад гэхээр, ухаалаг гар утас ширтсээр хүүхэд, том хүнгүй хөдөлгөөний дутагдалд орсон.
Хоёрдугаарт, гар утсан дээр гарч байгаа контентууд маш богино хугацаатай байдаг учраас хүүхэд, том хүн гэлтгүй анхаарал төвлөрөх чадварыг нь муутгаж байна. Олон улсын судалгаагаар сошиал платформ ашиглаж ирсэн бага насны хүүхдүүдийн сурч байгаа, хичээлээ эзэмшсэн, хичээлдээ анхаарлаа хандуулж байгаа байдал, мэдлэг чадвар, дүн нь сошиал платформ байхгүй байх үеийн хүүхдүүдийн оюун ухааны хөгжлөөс бүх талаараа доошилж ирсэн. Энэ бол маш том түгшүүр. Иймээс хөгжингүй улс орнууд бага насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хязгаарлаад эхэлчихжээ. Үүнд маш олон орон нэгдэн орж байгаа. Миний мэдэж буйгаар, Франц, Австралиас эхлээд өндөр хөгжилтэй маш олон оронд хориглоод эхэлчихсэн. Би хувьдаа Монгол Улсад ч гэсэн иймэрхүү хууль гараасай, хүүхдүүдийн оюун ухаанд сөрөг нөлөө маш их байна гэж бодож байлаа.
Ч.Номин сайд тэргүүтэй УИХ-ын гишүүд Монгол Улсад энэ хуулийг санаачлаад батлуулах гээд яваа юм байна. Эмч хүнийхээ хувьд би үүнийг дэмжиж байгаагаа албан ёсоор хэлж байна.
-Таны дурдсан сошлын эдгээр сөрөг нөлөөнөөс хүүхдээ хамгаалахын тулд төр ийнхүү хууль гаргаж зохицуулалт хийхээс гадна эцэг, эхчүүд мөн хариуцлагатай хандах нь маш чухал гэдгийг хууль санаачилсан эрхэм гишүүд дахин дахин сануулсаар байгаа?
-Миний бие Монголын өрхийн анагаах ухааны тэргүүнээр ажилладаг. Эмч нар маань энэ асуудалд маш их санаа зовдог. Ялангуяа хүүхдүүдийн анхаарал төвлөрөх чадвар муудаад байна. Оюун, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд шинээр үүсч байна. Нийгэмших чадвар муудаж байна. Энэ мэт асуудлууд хурцаар тавигдаж эхэлж байгаа яг энэ үед цагаа олсон хууль санаачилсан байна гэдэгт талархаж, хүлээж авч байгаа. Хоёрдугаарт, энэхүү хуулийг хэрэгжүүлэх талд эцэг, эхчүүд ухаантай оролцох ёстой. Энэ хуулиар сошиал хэрэглээг хязгаарлачихна. Гэтэл эцэг, эхчүүд өөрсдийнхөө нэр дээр, өөрсдийнхөө гар утасны дугаар дээр шинээр аккаунт үүсгээд түүнийгээ хүүхдийнхээ нэр дээр шилжүүлээд байх юм бол засаг төрийн анхаарч байгаа энэ асуудал утгаа алдана. Тиймээс хүүхдүүдээ буруу эрхлүүлж, хориглочихсон байгаа платформыг нь нээж өгч болохгүй. Үр хүүхдээ эрхлүүлж байна гээд ирээдүйг нь битгий баллаарай.
Сошиал платформд донтчихсон хүүхдүүд нийгэмших чадвар муутай. Хүнтэй зөв харилцах, хүний нүд рүү харж байгаад үзэл бодлоо зөв илэрхийлэх, хүний ярьсныг зөв ойлгож авах чадвар сул байдаг. Яагаад гэхээр, хүүхдүүд гар утастайгаа харилцсаар байгаад бодит хүнтэй харилцах чадвар муудаад байгаа юм. Тэгэхээр EQ буюу хүнтэй харилцах, нийгэмд өөрийгөө зөв авч явах чадвар нь сулраад байгаа юм. Тиймээс миний бие энэ хуулийг 100 хувь дэмжиж байгаагаа албан ёсоор хэлмээр байна.




