
Жүжигчин Ко Гён Пё согтуугаар машин жолоодож явахдаа цэвэрлэгээний машинтай мөргөлдсөн гэх хэрэгт холбогдуулан даваа гарагт цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн бөгөөд өөрийн "хариуцлагагүй" үйлдлийнхээ төлөө уучлалт гуйжээ. "Reply 1988" олон ангит киногоороо олонд танигдсан 36 настай жүжигчин тэрээр 11 дүгээр сарын 14-ний үүрээр Сөүл хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа цэвэрлэгээний машинтай мөргөлдсөн байна. Тэрбээр цагдаагийн хэлтсийн гадаа сэтгүүлчдийн өмнө гүн бөхийж, "Та бүхэн олон жилийн турш надад маш их хайр халамж үзүүлж ирсэн. Гэтэл миний үйлдсэн хэрэг үнэхээр хариуцлагагүй явдал байлаа" хэмээн ярьсан юм.
Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр хэрэг гардаг үед их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэснээ санаж байгаагаа хэлээд, цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн дүүрэн хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Мэдүүлэг авах ажиллагаа ойролцоогоор 100 минут үргэлжилсэн бөгөөд Ко цагдаагийн хэлтсээс гарч ирэхдээ дахин уучлалт гуйн, "Шүтэн бишрэгчдийнхээ надад үзүүлсэн анхаарал, дэмжлэгийн хариуд ийм зүйл хийсэндээ үнэхээр их харамсаж байна" гэжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, хэрэг гарах үед Когийн цусан дахь согтууруулах бодисын хэмжээ нь жолооны үнэмлэхийг нь хүчингүй болгох хэмжээнд хүрсэн байжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу