АТГ-ын мөрдөгчид гаалийн улсын байцаагч Д.Н-ыг хотын баруун захад "Альфард" машин дотор 50 сая төгрөгийн хахууль авч байх үйлдэл дээр нь баривчилж, хахуулийн мөнгийг хураан авсан. Түүнийг анх хахууль авсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Н нь 350 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц болон 55 сая төгрөгийн үнэлгээтэй авто зогсоолыг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй тул Эрүүгийн хуулийн 22.10-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгажээ. Хахуулийн хэрэгт үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг нэмэгдсэн гэсэн үг. Түүний гэрээс 7,7 сая төгрөг, 4700 юань, 400 ам.доллар бэлнээр олдсоныг нэгжлэгээр илрүүлж хураан авсан, мөн дээрх 405 сая төгрөгийн үнэ бүхий хоёр объектийг битүүмжилсэн байна. Одоогоор уг хэргийг прокурорт хянаж байна.