НИЙГЭМТУГ ТОЙМ

Хоригт орохоос өмнө иргэд электрон тамхийг бөөндөж эхэлжээ

Хуваалцах:
Хоригт орохоос өмнө иргэд электрон тамхийг бөөндөж эхэлжээ

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс “Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж” эхэлнэ. 

Хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхлэхэд ердөө хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед тамхины худалдаа эрхлэгчид болон хэрэглэгчдийн дунд хөдөлгөөн хэдийнэ эхэлжээ. Зарим иргэн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө хэрэглэдэг бүтээгдэхүүнээ олноор нь худалдан авч байгаа бол зарим дэлгүүр татан авалтаа бууруулж эхэлсэн байна. Харин худалдаа эрхлэгчдийн хувьд үнэ нэмэгдэж, борлуулалт буурсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал, хуулиар тамхинаас өөр амт, үнэр нэмсэн бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглох зохицуулалт туссан. Энэ нь зөвхөн уламжлалт янжуур бус халаадаг тамхи, электрон тамхины зах зээлд ч нөлөөлөхөөр байгаа юм. Электрон тамхийг бүхэлд нь хориглоогүй ч зах зээлд худалдаалагдаж буй дийлэнх бүтээгдэхүүн амт, үнэртэй учраас шинэ зохицуулалтад хамрагдах нөхцөл үүсэж байна.

Хуулийн өөрчлөлттэй зэрэгцэн тамхин бүтээгдэхүүний импорт ч өсжээ.

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2026 оны эхний есөн сард Монгол Улс нийт 81.9 сая ам.доллар буюу 295 орчим тэрбум төгрөгийн тамхи болон шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн импортолсон байна. Энэ хугацаанд 2.9 тэрбум ширхэг янжуур, 5.49 сая электрон тамхи, 9.8 сая халаадаг тамхи импортолжээ. Үүнээс халаадаг тамхины импорт хамгийн өндөр өсөлттэй байгааг онцолсон юм.


Харин худалдааны байгууллагуудын хувьд үнийн өсөлт борлуулалтад нөлөөлж эхэлсэн байна. GS25 сүлжээ дэлгүүрийн менежер Г.Номин-Эрдэнийн хэлснээр электрон тамхины үнэ сүүлийн үед нэг бүрдээ 10-20 мянган төгрөгөөр нэмэгджээ.


GS25 сүлжээ дэлгүүрийн менежер Г.Номин-Эрдэнэ: “Хүмүүс электрон тамхины үнийг сонсоод авахгүй буцах нь ихэссэн. Үнэ нэмэгдсэнээс хойш борлуулалт муудсан учраас манай салбар татан авалтаа бууруулсан. Манайх гурван нийлүүлэгчээс 10 гаруй нэр төрлийн электрон тамхи авдаг. Харин хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор зарим иргэн гадуур хямд үнээр худалдаалж буй газруудаас их хэмжээгээр нөөцөлж авч байгаа сураг дуулдсан” гэлээ.


Ийнхүү электрон тамхины хэрэглээг хязгаарлах зорилготой хуулийн хэрэгжилт эхлэхээс өмнө зах зээлд үнэ, нийлүүлэлт, худалдан авалтын өөрчлөлт ажиглагдаж эхэллээ. Гэвч иргэдийн бөөнөөр худалдан авч буй энэ үйлдэл нь хэрэглээг бууруулах бус, харин хориг хэрэгжихээс өмнө нөөц бүрдүүлэх эрсдэл дагуулж болзошгүй юм.

Хоригт орохоос өмнө иргэд электрон тамхийг бөөндөж эхэлжээ

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх