
Гаалийн хяналт шалгалтаар энэ онд улсын хилээр хууль бусаар бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завдсан олон зөрчил илрүүлжээ. Тодруулбал, олон улсын нислэг болон карго ачаа, тээшнээс нийт 5,298.08 грамм мансууруулах бодис илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Монжура” (Mounjaro) нэршилтэй 3700 гаруй ширхэг тарилгын эмийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 100 гаруй үйлдлийг илрүүлжээ. Түүнчлэн хувийн хэрэглээнээс хэтэрсэн хэмжээтэй 2100 гаруй блок буюу 420 мянга гаруй ширхэг утаат тамхийг нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 57 зөрчил илрүүлсэн байна.
Иймд гадаад улсаас Монгол Улсад зорчиж ирж буй иргэд бусдын дайвар ачаа, тээш, битүүмжилсэн эд зүйлсийг авахдаа сайтар нягталж, хууль бус бараа, бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхээс сэрэмжлэхийг гаалийн байгууллагаас анхаарууллаа.




