
Цаазаар авах ял бол гэмт хэрэг үйлдсэн хүнд төрөөс хуулийн дагуу ногдуулж буй ялын дээд хэмжээ юм.
2015 онд гэхэд НҮБ-ын гишүүн 193 орноос 169 улсад цаазын ялыг зогсоосон байна. 2022 оны байдлаар цаазын ялыг халсан орны тоо 108 болж өсчээ. Эдгээр улсын олон нийт цаазаар авах ялыг хуульчилсан аллага гэж үзжээ. 28 орон хуулийн заалттай боловч цаазлах ял оноохгүй болжээ. Найман улс тун онцгой тохиолдолд хэрэглэж байна. Хэдийгээр дэлхийн улсын олонх нь цаазаар ялах ялыг халсан ч дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь цаазаар авах ялыг хэрэглэдэг 56 улс оронд амьдарч байна. Үүнд, Хятад, Энэтхэг, Умар Солонгос, АНУ, Индонез, Пакистан, Бангладеш, Нигери, Этиоп, Египет, Иран, Саудын Араб, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Шри-Ланка зэрэг улсуудад цаазаар авах ялыг гүйцэтгэдэг. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2007-2018 оны хооронд цаазаар авах ялыг ирээдүйд бүрмөсөн халахыг зорьж, хэрэглэхээс түдгэлзэхийг уриалсан тогтоолыг долоон удаа гаргажээ.
Харин Монгол Улс 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орсноор Монгол Улс цаазын ялыг хэрэглэхгүй байх үүргийг олон улсын өмнө хүлээх болсон. Улмаар 2015 оны арванхоёрдугаар сард баталж, 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн ба Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна. Ташрамд, 1988-2005 хүртэл 800 гаруй хүнд Монгол Улс цаазын ял оноосон байдаг байна.
Сүүлийн өдрүүдэд 16 настай охиныг хуурч гэртээ аваачаад амь насыг нь хэрцгийгээр хөнөөж, цогцсыг чемоданд хийсэн ноцтой хэргийн зураг, мэдээлэл нийгмийг цочроож, цаазын ялыг эргэн сэргээхийг төр, засгаас шаардаж эхэлсэн. Хууль тогтоогчид энэ асуудалд ямар байр суурьтай байгааг хүргэе.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан О.Алтангэрэл: Жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдийг цаазаар авч, зовлонгоос нь хурдан салгаж, шагнах ёсгүй. Харин бүх насаар нь гянданд хорьж, зовлонг нь амсуулах ёстой.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Ялын бодлогыг чангаруулах тухай битгий яриасай гэж бодож байна. Ялангуяа цаазаар авах ялын тухай битгий яриасай. Шүүхэд эргэлзэж байгаа мөртлөө цаазын ялыг сэргээнэ гэдэг логикийн зөрчилтэй. Дээрээс нь цаазаар авах ял байлаа гээд гэмт хэргийн гаралт буурдаггүй. Нөхцөл, байдал сайжирдаггүй. Нэгэнт цаазаар авахуулах ялтай юм чинь гээд илүү ноцтой гэмт хэрэг үйлдэх тохиолдол ч байдаг

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн хэрэгт цаазын ялыг сэргээх ёстой

УИХ-ын гишүүн М.Нарантуяа: Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг цаазын ялын ангилалд оруулах хүсэлтийг УИХ-ын даргад уламжилна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Шүүхэд итгэдэггүй. Тэгснээ “Цаазын ялыг сэргээ”. Бид юу хүсэж байгаагаа ч мэддэггүй. Хууль тогтоогчид “Хүн алъя” гээд хээвнэг яриад сууж байж болохгүй

Хууль тогтоогчдын эдгээр байр сууринаас хэн нь хэн бэ гэдэгт уншигч та дүгнэлтээ хийнэ биз ээ. Харин хуульчид цаазын ялыг сэргээхийг эсэргүүцэн “Энэ бол хуульчилсан алллага” хэмээж байна.




