
Цагдаа нар гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд захиалга өгч дахин гэмт хэрэг үйлдүүлэн улсын хилээр зугтаалгах ажлыг зохион байгуулалттайгаар хийдэг талаархи ноцтой мэдээллийг УИХ-ын гишүүн асан, өмгөөлөгч О.Баасанхүү саяхан нийтэд цахимаар мэдээлж, удахгүй баримт дэлгэхээ зарласан. УИХ-ын гишүүн байсан, баримт нотолгоо, мэдээлэл дунд байдаг өмгөөлөгч бодит байдлыг хариуцлагатайгаар мэдээлсэн нь лавтай. Үнэн чанартаа цагдаагийн байгууллага ч нотлох баримтыг нэхэж, албаны нэр хүндээ аврах уу, шороотой хутгах уу гэдгээ шийдэх ёстой. Гэмт этгээдүүдийг бус хөрөнгө, мөнгөтэй хүмүүсийг үгсэн хил давуулан зугтаалгадаг цагдаа нарын тухай дуулдаж л байсан. Энэхүү мэдээллийг цацангуут Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар баримт нотолгоог нэхэж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байх ёстой баймаар. Нийгэмд дуулиан тарьж, нэр хүндээ өсгөх гэсэн башир арга заль биш. Баримт нотолгоотой гэдгээ ч өмгөөлөгч О.Баасанхүү нотлох ёстой болж байна.




