
Нийгмийн чимээ шуугиан, өөрчлөлтийн салхи ээлжилсэн энэ цаг үед хүн хүнээ сонсох завгүй мэт боловч үнэн үг, бодит дүгнэлт хэзээд үнэ цэнтэй хэвээр. Өнгөрсөн үеийг дурсаж, өнөөдрийн өнгийг шинжиж, маргаашийн боломжийг төсөөлөхөд бидэнд сэхээтний дуу хоолой зайлшгүй хэрэгтэй. Бид энэ удаа улс төрч, хуульч, дуучин Т. Бат-Оргилmой ярилцлаа.
Сүүлийн үед сэхээтэн гэх хэллэг хэрэглэгдэх нь бага болсон шиг санагдах юм. Сэхээтэн гэж ер нь хэнийг, ямар хүнийг хэлээд байна вэ?
Сэхээтэн хүнд дөрвөн шалгуур бий. Бусдын төлөөх чин сэтгэл, дараа нь мэргэжил туршлага, мөн иргэний зориг, төлөвшил. Энэ дөрвөн шалгуурыг хангасан хүн л сэхээтэн болж чаддаг. Бусдын төлөө сэтгэлгүй бол бэртэгчин, муугаар бодвол боловсон хулгайч цагаан захтай дээрэмчин гэсэн үг. Яагаад гэвэл түүнд зориг байна. Харин бусдын төлөө чин сэтгэлтэй, мэдлэгтэй, төлөвшсөн байв ч зориггүй бол зүгээр л сайн иргэн болчихож байгаа юм. Сайн иргэн байх нь муу биш. Гэхдээ тэр хүн сэхээтэн биш гэсэн үг. Зурагттайгаа хэрэлдээд л суугаад байдаг хэрнээ хажууд нь шударга бус юм болж байхад зоригтой эсэргүүцэж дуу хоолойгоо өргөж чаддаггүйтэй адил юм уу даа. Нохойтой муудвал хормойгүй, ноёнтой тэрсвэл толгойгүй гээд л нуугдаад сууж байдаг хүн бол дуулгавартай иргэн юм. Зоригтой, өөрийгөө золиослохоос айхгүй сэхээтнүүд байж л нийгэм урагшилдаг. Сэхээтэнгүй нийгэм хэзээ ч урагшилдаггүй, хэзээ ч ардчилсан байж чаддаггүй. Ийм сэхээтнүүд яагаад байхгүй болчихсон гэхээр неолиберализмын онолоос болоод сэхээтнийг устгачихсан юм.
Ямар сонин юм. Яагаад онолоос болж устана гэж...
Яагаад гэвэл дарангуйллын үед сэхээтнүүдийг нухчин дардаг, хэлмэгдүүлдэг, цаазаар авдаг. “Чи хувиа хичээ” гэдэг философи харин сэхээтэн байх урам зоригийг нь байхгүй болгочихдог. Неолиберализм гэдэг нь хүн бүр хувиа хичээхээр зах зээлийн үл үзэгдэгч гар аяндаа бүх юмыг гоё болгочихно гэдэг онол юм. Хүн болгон хувиа хичээгээд эхлэхээр нийгэм задардаг юм байна. Өнөөдрийн манай нийгмийн байгаа байдал үүний шууд үр дагавар. Хүн болгон хувиа хичээхээр юу болдог вэ гэдгийг бид өөрсдийгөө толинд хараад л шууд харж болно. Монгол Улс яагаад зөв бичгийн дүрэмгүй болчихсон юм. Яагаад гэвэл монгол хэлний эрдэмтэд хувиа хичээгээд ийм нээлт хийсэн гэдэг нь чухал болохоос биш, миний энэ хийж байгаа зүйл Монголын ард түмэнд ямар үр нөлөөтэй байх вэ гэдгийг бодохгүй байна. Харин ч “Тэр ямар хамаатай юм. Би одоо энэ шинжлэх ухааны нээлт хийчихээд байна” гэдэг. Өөрөөр хэлбэл би л чухал бусад нь хамаагүй гэсэн хүн бол сэхээтэн байх боломжгүй. Сэхээтний дөрвөн шалгуурын хамгийн эхнийх нь бусдын төлөөх чин сэтгэл. Тэгэхээр сэхээтэн байх үндсэн шалгуурыг нь аваад хаячихаар сэхээтэн байхгүй болчихож байгаа юм. Харийн түрэмгийлэгчид хамгийн түрүүнд сэхээтнүүдийг устгадаг. Баян, эсвэл боловсролтой, эсвэл англиар аялгагүй сайхан ярьдаг хүмүүс, эсвэл жигтэйхэн дэгжин хүмүүс бий. Хөгжим гоё бичдэг хүмүүс бий. Гэхдээ тэдний аль нь ч сэхээтэн биш. Яагаад гэвэл бусдын төлөө сэтгэл нь байхгүй учраас Монголд сэхээтэн төрөхгүй байгаа юм.
Үүнийг яаж өөрчлөх вэ?
Монголчууд өнөөдөр ухаангүй, харанхуй болчихсон. Эзэн Чингисийнхээ хийсэн үйлдлүүдийг нь хараад байхаас цаад логикийг нь олж хардаггүй. Монгол Улсын хамгийн анхны сэхээтэн нь Эзэн Чингис байсан юм болов уу. Тэр хүн өөрөө баяжих гээд л бүх насаараа байлдаж яваагүй, Алтан улсыг эзлээд л болоо биз дээ. Татаруудыг дарлаа, өшөө авчихлаа. Хятадуудаас алт мөнгийг нь дээрэмдээд хэдэн хүүхнүүдийг нь аваад ирлээ. Тэгээд л сайхан амьдарч болох байсан. Бүх насаараа ингэж дайн дажин, үхэл хагацлын дундуур явах чинь тийм гоё юм уу. Энхийн төлөө бүх дайныг дуусгах хамгийн эцсийн дайнд мордсон хүн шүү дээ. Энэ олон хаад ноёд чинь хоорондоо тулалдаад жирийн ард иргэд сайхан амьдрах боломжгүй байгаа учраас дэлхийд нэг хаан, тэнгэрт нэг нар гэдэг онолыг дэвшүүлж тэрнийхээ төлөө явсан хүн. Бүхэл бүтэн онол байж. Гэтэл балмад бүдүүлэг, хүний юмыг булааж авдаг нэг этгээд хэдэн сая хүнийг алаад, хүний газар нутгийг булаагаад жигтэйхэн агуу байсан гээд ярьцгааж байна. Тэгвэл Гитлер бас л агуу хүн шүү дээ. Яагаад дэлхий даяараа Гитлерийг шүтэхгүй Чингис хааныг мянганы хүнээр зарлаад байгаа юм. Тэр чинь шал өөр философи. Цагаан арьстнууд тэр хүнийг ойлгочихоод байхад бид үр сад нь байж ойлгохгүй миний өвөө чиний өвөөг алаад, эмс хүүхнийг нь булаагаад, газар нутгийг нь эзэлчихсэн учраас бид бол агуу гэж яриад жуулчин авчирна гэнээ. Жуулчид балмад юм үзэх гэж ирэхгүй шүү дээ. Өнөөдөр бид хэн юм гэдгээ ухамсарлаж ойлгомоор байна.
Сэхээтэн хүн үндэсний санааг бий болгодог. Үндэсний санаа байж л үндэстэн бий болдог юм. Манай улсад биднийг нэгтгэж байгаа үндэстний санаа байна уу? Бид үндэстэн байхаа болиод зүгээр л хүн ам болчихсон. Виз гарахгүй болохоор аргагүй эрхэнд эндээ гацчихсан. Гурван сая хүний виз нь гарчихдаг бол энд хэдэн хүн үлдэх нь эргэлзээтэй. Нэгнийгээ үзэн ядаад байна. Танилцаж амжаагүй байж бүр сургаар үзэн ядаж байна. Бид үндэстэн байхаа больчихсон байна, манайд сэхээтэн, үндэсний санаа алга. Монгол түмэн төлөвшөөгүй байна.
Төлөвшил гэдэг нь?
Нас биеэнд хүрсэн хүн сэтгэл зүйн хувьд төлөвлшөөгүй байна гэдэг эмгэнэлтэй. 8-13 насны хүүхдийн зан төлөв, аливаа юманд хандах хандлага ямар байдаг билээ. Тэр насан дээрээ гацчихсан. Биологийн хувьд өсөлт хөгжил нь явагдчихсан архи уудаг, тамхи татдаг, секс хийдэг. Гэхдээ сэтгэл зүй биеэ авч яваа байдлыг нь харахаар 13 настай хүүхэд шиг байна. Энэ гацааг мөн л сэхээтнүүд өөрчилнө. Төлөвшөөгүй хүмүүсийн онцлог нь гаднаас аврал хайдаг. Аав ээж, багш, од гараг, аз төлөг, агуу удирдагч гээд нэрлээд байж болно. Өөрөө өөрийнхөө хувь тавиланг бүтээх гэж зүтгэж мэддэггүй, жаахан оролдоод бүтэхгүй бол тэрний буруутан нь өөрөө л биш, хэн нэгэн, эсвэл ямар нэг нөхцөл байдлыг буруутгадаг, хариуцлагаас залхдаг, хэцүү сэдвээр нүүр тулан халз ярилцаж чаддаггүй, харилцан буулт хийж сураагүй, түүний оронд гомдлоо хэлэхгүй хурааж байгаад хэрэлдэж тангараг тасардаг, эсвэл ялихгүй шалтгаанаар найз нөхөд, хайртай хүмүүсээ гэнэт блок хийх зэрэг нь бүгд хүүхдийн араншин юм. Үүний аюул нь өөртөө найдахгүй, гаднаас хэн нэгэн агуу аврагчийг хүлээх сэтгэл зүй юм. Өөрөөр хэлбэл дарангуйлагчийг бүтээх дэвсгэр сэтгэл зүй. Бүх цаг үеийн дарангуйлагчид чухам энэ сэтгэл зүйн давалгаан дээр эрх мэдэлд хүрсэн байдаг юм. Бид сэрэх, сэхээрэх хэрэгтэй байна. Харри Поттер дээр гардаг шүү дээ. Одоо намайг миний аав ирж аврах ёстой гээд хүлээгээд байдаг. За одоо яг авна, одоо яг аварна гэсээр байтал нөхцөл нь улам л аюултай болж, автахын даваан дээр өөрөө өөрийгөө аварч тэр хүлээгээд байсан хүн нь аав нь биш өөрөө байсныг ойлгодог. Бидэнд Харри Поттерын тэр ухамсралын агшин хурдан ирэх хэрэгтэй байна. Хэн нэгэн агуу ерөнхийлөгч төрж бид аврагдахгүй, чи, би сэхээрч өөрийгөө аварна.
Улс төрчдөөс амьдрал нь хамаардаг гэх гээд байна уу?
Бид яагаад хөгжихгүй байна вэ гэвэл сэхээтэн болж чадахгүй байна. Бид нарыг хэн ч аврахгүй шүү дээ. Дэлхийн банк ч аврахгүй, Путин ч аврахгүй, Ши Жиньпин ч аврахгүй, Америк аврахгүй. Бид өөрсдөө өөрсдийгөө аварна. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрдөг, засч залруулдаг байх хэрэгтэй. Ингээд л мөн төлөвшлийн асуудал яригдана. Би яавал сэхээтэн болох юм гэдгийг бодох хэрэгтэй. Дэлхий даяар ардчилсан засаглалын хямрал болж байна.
Юунаас болж байгаа юм?
Ардчиллын түүх гэдэг богинохон. Хүн төрөлхтөн бий болсноос хойш сүүлийн нэг, хоёр мянган жилд л ардчилал гэдэг юмтай боллоо. Хамгийн анхны ардчилал эртний Грек, Ромд үүссэн. Тэдний байгуулсан сонгодог ардчилал тасраад бүтэн мянган жил өнгөрсөн. Тэгээд дараа нь Монгол Скандинавын цэргийн ардчиллын загвар гарч ирсэн. Тэр устаад ахиад хэдэн зуун жил болсон. Үүний дараа Франц, Америкийн өнөөгийн ардчиллын загвар гарч ирсэн. Энэ нь либерал буюу сүүл рүүгээ неолиберал болж хувирсан. Цаг нь ирээд энэ загвэр хуучирч, дэлхий хямарч байна гэдгийг ойлгох нь чухал. Харин дараагийн загвар нь ямар байх вэ. Миний хувьд Монгол Скандинавын дараагийн загварыг тодорхойлох ЭТГЭЭД төсөл боловсруулсан. Шинэ суурин байгуулна.
Улс дотор улс байгуулах нь уу?
Яалаа гэж. Бид Монгол Улсынхаа хуулинд захирагдана. Гэхдээ өөрсдийн дотоод дүрэм, дэг журмаар амьдарна. Гудамжинд хог хаяхгүй, шөнийн цагаар чанга дуу гаргахгүй, хогоо ангилж ялгана, байгаль орчноо хордуулахгүй. Манай сууринд мах зарах гэж байгаа бол ийм ийм стандарт шаардлагад нийцүүлнэ гэх зэрэг. Улаанбаатарт амьдармааргүй байна. Манай энэ нийгэм маш харгис байна. Би ийм харгис орчинд хүүхдээ хүмүүжүүлмээргүй байна. Юугаараа ч юм шоронгийн дэглэм шиг байгаа биз дээ. Хууль үйлчилдэггүй овгоруудтай, тэднийг хамгаалдаг хуягуудтай, нэг нэгнээ үл хайрлах хулгайчууд хэрүүл тэмцлийн дунд өдөр хоногийг хөрс, ус, агаар нь хордсон бохир дотор өнгөрөөж, орой нь зурагтаар тасарцан амьдралдтай шоронгийн дарга нараа үзэж нийтээрээ үзэн ядна. Авсан цалин нь амьдралд хүрэлцээгүй, хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлж чадахгүй, зээлээс зээлийн хооронд амь зогооно. Олж байгаа орлогын 70 хувь нь хүнсэнд зарцуулагдана. Бид зүгээр л орчин үеийн боол шиг амьдарч байна. Би хүүхдүүдээ эрүүл саруул монгол хүн болгож өсгөмөөр байна. Бид хаанах нь үл мэдэгдэх хүмүүс болчихлоо. Түүх уламжлалаа мэдэхгүй, европын соёлыг ч сурсан юмгүй, монголоороо олигтой ярьж чадахгүй, англи хэлээ ч бүрэн эзэмшсэн юмгүй, мэдлэг боловсролгүй, айфоны дараагийн загвар хүлээдэг хэрэглэгч төдий, зүгээр л ярьдаг, үрждэг ийм л хүмүүс болчихоод байна. Эх орондоо ингэж амьдармааргүй байна шүү дээ.
Уламжлалт улс төрийн аргаар шийдэх боломж бий юу?
Үгүй. Улс төрийн намууд гэмт хэргийн бүлэглэлүүд болчихсон. Дээр үеийн хулгайч, атманууд нь намын удирдлага болчихсон. Улсаа хуваагаад идчихсэн. Хийж байгаа зүйлс нь дандаа гэмт үйлдлүүд байна.
Харин ч идээ бээрээ шахалцаад, нэгнээ илчлээд байгаа юм бишүү?
Хэнд ямар хариуцлага тооцов? Хэнийг нь шоронд хийв?. Тэрийг шоронд хийлээ гээд ч бидний амьдрал сайжрахгүй, хэвэндээ л байна. Тэд нартай тэмцэж чадахгүй. Төр засаг хоёроо ялгаж чадахгүй байна. Ардчиллын дайсан бол ядуучууд, баячууд. Уг нь дунд давхаргынхан байж гэмээнэ ардчилал тогтоно. Манайд дундчууд алга болж байна. Хүмүүсийг бүхэл бүтэн 30 жилийн туршид ядуу амьдруулчихсан болохоор өөрөөр амьдарч болно гэдэг итгэл үнэмшлийг нь ч устгасан. 5000 долларын цалин бол дунд давхаргын дэлхийн стандарт. Тийм цалин олгоно гэвэл манайд тэнгэрийн юм ярьлаа л гэнэ. Тэгвэл цагаан арьстнууд тэнгэрийн хувь тавилантай болохоороо сарын 30 мянган долларын цалинтай амьдраад байгаа юмуу? Монгол хүний мэдлэг, чадвар, чансааг нь сайжруулах хэрэгтэй байна. Сингапур улс 1965 онд Малайзын холбооноос шившигтэйгээр хөөгдөж байсан. Монгол шиг авлига, хээл хахуультай, эдийн засаг гэх юмгүй. Гэтэл 30 жилийн дараа амьжиргаагаараа дэлхийн шилдэг 10-т орсон. Тэд неолиберализмын загвараар яваагүй. Яагаад манай өвөг дээдэс бид Швейцар луугаа хөгжинө гэж хэлсэн юм? Яагаад Америк шиг гэж хэлээгүй юм тэ? Швейцарууд Монголд ирээгүй. Америкууд ирж байсан. Бид Скандинав - Монголын загварыг оруулж ирэхийг зорьж байгаа нь учиртай. Шууд ардчиллын загвар л даа. Хэн нэгнээр төлөөлж засгаа барихгүй. Бид өөрсдөө шууд барина гэсэн үг. Скандинавын улс орнууд хөгжиж байгаа нь социал либерал үзэл юм. Неолиберализм биш харин социализм капитализм хоёрын хоршил юм.
Та ингэхэд сонгуулиар саналаа өгдөг үү?
Аймаар бас аймшигтай хоёрын хэнийг нь сонгох юм бэ? /инээв/ Хүмүүс намайг чи яагаад чимээгүй болчихсон юм тэмцлээ үргэлжлүүлээч гэдэг.
Таны ярианд хэд хэдэн удаа бусдын төлөө байх сэтгэл дурдагдлаа. Ингэж ярихаар сүсэг бишрэлтэй холбогдоод ч байгаа юм шиг?
Мэдээж сүсэг бишрэл байлгүй яахав. Нүгэл, буянд итгэдэг. Үйлийн үрд итгэдэг. Муу юм, муухай юм хийж болохгүй. Хүн хүссэн бүхнээ хийж болох ч дараа нь төлбөрийн нэхэмжлэлээ олон юм ярилгүй төлдөг байх ёстой. Монголчууд миний ажигласнаар их гомдомтгой. Хүний төлөвшил сэтгэл зүйтэй шууд хамаатай юм байна л даа. Их гомдомтгой байх тусмаа тэр хүн төлөвшөөгүй байдаг. Багаасаа өөрийгөө илэрхийлж сураагүй хүмүүс чинь их гомдомтгой болчихдог юм байна. Уян чадварын хомсдол руу ороод эхэлж байгаа юм. Чи өөрийнхөө хүслийг илэрхийлж чаддаггүй дутагдалтай болчхож байгаа гэсэн үг. Өөрийгөө илэрхийлж чаддаггүй хүн хүнийг ойлгодоггүй. Монголд өнөөдөр өөрийгөө ойлгуулж чаддаггүй, хүний хэлснийг ойлгохгүй байх коммуникацын аюул нүүрлэж байна. Ингээд ярихаар боловсролын тогтолцоо руу орчихож байгаа юм. Хүүхдийг өөрийгөө илэрхийлж сургадаггүй. Яагаад гэвэл багш нар нь өөрсдөө тийм чадваргүй.
Одоо энэ тойргоос яаж гарах юм бэ?
Миний яриад байгаа сэхээтэн гэдгийн үүрэг бол энэ. Чи үүнийг шүүмжлэх зоригтой байх ёстой. Ил тод ярьж байж энэ асуудлыг шийднэ. Иргэний зориг гэдэг чинь танкан доогуур гарнаттай орохоос өөр. Сэхээтэн хүн зөвхөн нэг салбарын юмыг хардаггүй. Хэл судлал, биологи, энэ неврологи, сэтгэл зүй, анатомийг хүртэл судална. Бусдын төлөө сэтгэлтэй, төлөвшилтэй сэхээтнүүд хэрэгтэй байна.




