
Ойрхи Дорнодын улс орнуудын талаар голчлон мэдээлэл бэлтгэн хүргэдэг “Аль Жазира” агентлагийн сайтад “The casualties of Mongolia's doomed love affair with coal” гарчигтай нийтлэл гарчээ. Нийтлэлийг тоймлон хүргэж байна.
Улаанбаатар хотын баруун хэсэгт орших Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн гурав давхар байрны өрөө бүр дүүрэн өвчтөнтэй. Энд хэвтэн эмчлүүлж буй хүний олонх нь бага насны хүүхэд. Бага насны хүүхдүүд өвлийн улиралд ингэж олноороо ханиад, томуугаар өвчилж, хэвтэн эмчлүүлж байгаа нь түүхий нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдлоос болдог. Ерөнхийдөө өвлийн улиралд тус улсад үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн эмнэлгүүд нэлээд ачаалалтай ажилладаг. Хэдийгээр эмнэлгүүд агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад, томууны шинж тэмдгийг эмчлэх хэдий ч шалтгааныг нь “анагааж” чадахгүй. ЮНИСЕФ өнгөрсөн 2018 онд Монголын агаарын бохирдлыг “Хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулахуйц” гэж тодорхойлсон. Сүүлийн арван жилийн хугацаанд тус улсад амьсгалын замын халдварт өвчний өвчлөл 2.7 дахин өсчээ. Түүнчлэн уушгины хатгалгаа тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болж байна. Улаанбаатар хотын бохирдолтой дүүргүүдэд амьдардаг хүүхдүүдийн уушгины үйл ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 орчим хувиар сул байгаа талаар судалгаа хүртэл бий.
Амжилтын үнэ, цэнэ
Монгол Улс 1990 оноос ардчилсан дэглэмд шилжсэнээс хойш нүүрсний асар их нөөцтэй тус улсын эдийн засаг уг түүхий эдээс ихээхэн хамаарах болсон. Олон улсын валютын сан 2019 оны тайландаа, Монгол Улсыг эдийн засгийн өсөлт эрчимжиж байгаа ч ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох нь чухал сорилт хэвээр байгааг онцолсон байдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байсан үе буюу 2010 оны дунд үед Дэлхийн банк Монгол Улсыг “Эдийн засаг нь хамгийн хурдацтай хөгжиж буй орон”-оор нэрлэж байв. Гэвч уул уурхайн түүхий эдийн ханшийн уналт, дэлхийн санхүүгийн хямрал эдийн засагт нь хүндхэн цохилт болж, ажилгүйдал, ядуурал газар авахад нөлөөлсөн. Өнгөрсөн 2018 онд тус улс 34.4 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүнээс төсвийн орлогынхоо дунджаар 22 орчим хувийг бүрдүүлдэг. Гэхдээ АНУ-ын санхүүжилттэй төрийн бус байгууллага болох “Freedom House” төрийн бус байгууллага Монгол Улсын уул уурхайн салбарт авлига хүрээгээ тэлж байгааг онцолсон байдаг. Монголын Засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш боловсруулаагүй түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглосон. Гэхдээ хүн бүр Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн ЮНИСЕФ-ийн Монгол дахь төлөөлөгч Алекс Хейкенс “Шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол буурч байгаа ч нүүрстөрөгчийн дутуу ислийн улмаас амьсгал боогдох, дотор муухайрах шинж тэмдэг илрэх тохиолдол их байна” гэв. Нөгөө талаас агаарын бохирдлоо бууруулах гэсэн Засгийн газрын оролдлого ажилгүйдлыг нэмэгдүүлж магадгүй байна. Учир нь, хоттой ойрхон Налайхын уурхайгаас гар аргаар нүүрс олборлож зардаг хүмүүс ажилгүй болж, нүүрсний уурхайнууд нөөцтэй хэвээр байгаа ч үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрч байна. Налайхын нүүрсний уурхай 1950 оноос хойш өнөөг хүртэл Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангахад голлох үүрэг гүйцэтгэгч, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангагч байлаа. Хэдийгээр түүхий нүүрсийг хэрэглээнээс хасах нь Монголын экологи, уур амьсгалд эергээр нөлөөлөх ч Налайх тэргүүтэй, нүүрсэнд түшиглэдэг хэд хэдэн газрын ард иргэдийн амьдрал хүндхэн нөхцөл байдалтай тулгарахаар байгаа юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу