
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин АНУ-д төрийн айлчлал хийхээр лхагва гаргийн үдээс хойш хүрэлцэн ирж, түүний онгоц Эндрюс цэргийн нэгдсэн баазад газарджээ.
Нисэх баазад Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Мелания Трамп халуун дотноор угтан авсан нь ховор тохиолдол болсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч тус улсад айлчилж буй гадаад улсын Төрийн тэргүүнүүдийг Цагаан ордонд албан ёсоор угтан авдаг тогтсон уламжлалтай. АНУ-ын геополитикийн гол өрсөлдөгчид энэ хэмжээний хүндэтгэл үзүүлэхийн тулд протоколыг эвдсэн нь ховор тохиолдол болохыг судлаачид онцолж байна.
Дональд Трампын үзүүлсэн хүндэтгэл нь Ши Жиньпиний айлчлалыг эерэг уур амьсгалтайгаар эхлүүлж байна. Хэдий тийм боловч өнгөрсөн долоо хоногт автомашин үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид болон дилерүүдийн эвсэл БНХАУ-ын автомашинуудыг АНУ-ын зах зээлд оруулахгүй байх шаардлагыг Дональд Трампын засаг захиргаанд хүргүүлсэн аж. "Mobility Global" судалгааны компанийн тооцоолсноор хязгаарлалтуудыг сулруулбал БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид 2038 он гэхэд АНУ-д жилд 1.7 сая хүртэлх автомашин борлуулах боломжтой бөгөөд энэ нь АНУ-ын авто зах зээлийн 11 хувьтай тэнцэх дүн юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу