
Цагаан ордонд үйлчилдэг АНУ-ын тэнгисийн цэргийн алба хаагчаас коронавирус илэрчээ. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч нараас шинжилгээ авахад сөрөг гарсан байна. Энэ нь Цагаан ордонд ажилладаг хүмүүсээс Covid-19 өвчнөөр өвчилсөн хоёр дахь тохиолдол юм. Гуравдугаар сард дэд Ерөнхийлөгч Майк Пэнсийн албаны нэг ажилтан коронавирусийн халдвартай нь тогтоогдож байв. Цагаан ордон төлөөлөгчид болон бусад ажилтныг долоо хоногт нэг удаа шинжилгээнд хамруулдаг байсан бол цаашид өдөр бүр шинжилгээ хийхээр болжээ. Сүүлийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын 1,250,805 тохиолдол бүртгэгдэж, 75,447 өвчтөн нас бараад байна. Энэ нь дэлхий даяар илэрсэн халдварын тохиолдлуудын гуравны нэг орчим, нас баралтын мөн гуравны нэг гаруй болж байгаа юм.




