
Өчигдөр 17 цагийн орчим 10 орчим насны дөрвөн хүүхэд Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-ийн урд хэсэгт орших тогтсон усанд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тогтоол ус нь Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт болсон байна.
Тус компани нь тухайн газарт тохижилтын ажил хийж, барилгын шороо авснаас хөрсний ус тогтжээ. Харин хүүхдүүд тогтсон усанд хөөсөнцөр тавьж хөвж тоглож байгаад энджээ. Хэргийн газар ОБЕГ-т 16:00 цагийн орчимд 8-12 насны хүүхэд живсэн талаар дуудлага ирүүлснээр албан хаагчид газар дээр нь ажилллаж нэг хүүхдийг нь уснаас аварсан боловч яаралтай тусламж үзүүлэх үед амиа алджээ. Хүүхдүүд Дэнжийн 1000-аас ирж тоглож байгаад осолдсон бөгөөд Онцгой байдлын аврагчид 3 хүүхдийн цогцсыг гарган авчээ.
Хэргийн талаар өчигдөр орой нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар мэдээлэл хүргэлээ.
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тавьж байгаа дугуйн замын ажлыг нийслэлээс хянах явцад “Хан талст” ХХК зөвшөөрөлгүй барилга барьж байсан. Үүнийг шалган тогтоох Ажлын баг байгуулж, тухайн газарт ажиллан дүнг тавдугаар сарын 21-нд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан. Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн" гэв. Өнгөрсөн 7 хоногт тухайн газарт нийслэлийн Засаг дарга очиж, нөхцөл байдалтай танилцан “Хан талст” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоосон аж.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу