
Хонконгийн Статистикийн газраас мэдээлж буйгаар өнгөрсөн жил тус бүс нутгийг 90 мянган хүн орхиж гарснаар хүн ам нь 1.2 хувиар буурчээ. Түүнчлэн төрөлтийн түвшин жил бүр буурч байгаа бөгөөд нас баралт нь шинээр төрж буй хүүхдийн тооноосоо дунджаар 11800-аар илүү болоод байгаа ажээ. Одоогоор тус бүс нутагт 7.39 сая хүн амьдарч байна. Хүн амын бууралт нь Хятадын Засгийн газраас тус бүс нутагт баримтлах Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг өнгөрсөн жилийн зургаадугаар сард баталсантай холбоотой юм.
Энэ оны өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар 117 хүнийг Үндэсний аюулгүй байдлын хууль зөрчсөн гэх шалтгаанаар баривчлаад байгаа ажээ. Уг хуулийг батлагдсаны дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сард Их Британи Хонконгийн 5.4 сая хүртэлх оршин суугчдад иргэншил олгохоо мэдэгдсэн.
“South China Morning Post” -ийн мэдээлснээр ердөө хоёрхон сарын дотор 34 мянга гаруй хүн Их Британи руу дүрвэсэн байна. Түүнчлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд тус бүс нутгийг зорих гадаадын ажилчид болон сурахаар ирж буй оюутнуудын тоо ч цөөрсөн байна. Цар тахал дэгдэж, улс орнууд хилээ хаахаас өмнө гаднын улс орнуудыг зорьсон хонконгчууд ч буцаж ирэх сонирхолгүй байгаа ажээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу