НИЙТЛЭЛ

Б.Мөнхсоёл: Улс төрийн тоглолтын ард эцэст нь асуудал шийдэгдэхгүй өнгөрсөөр байна

Хуваалцах:
Б.Мөнхсоёл: Улс төрийн тоглолтын ард эцэст нь асуудал шийдэгдэхгүй өнгөрсөөр байна

Улс төр дэх эмэгтэйчүүдийн үг үйлдлийг ажигч, шүүмжлэгчид олон. Тэдний хийж хэрэгжүүлж буй ажил, бодлогын шийдлүүдийг анхаарахаас үлүү хувь хүн рүү чиглэх нь бий. "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ" гэх уриа лоозон мэт тунхагласан энэ үг хөрсөн дээр хэрхэн бууж, шийдэл болж буй талаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой ярилцлаа. 

Б.Мөнхсоёл: Улс төрийн тоглолтын ард эцэст нь асуудал шийдэгдэхгүй өнгөрсөөр байна

…Урагшилж нэг л өгөхгүй юм. Хааяа мартагдана. Гэхдээ “Яавал бид хөгжих вэ” гэж бодоод л байдаг гэсээр бидний яриа эхлэв. Тэрбээр, юу буруудаад байна вэ, бүх юм цэгцгүй санагдах. Яг л энэ хэмнэлээр явбал бид урагшлахгүй нь. Нийгэм гэдэг хүнээс бүрдэнэ. Улс бол газар нутаг, хүн амаасаа бүрдэж байна. Цэнхэр тэнгэр, хангай нутаг, гол ус, мөрөн. Харин нийгэм бол хүмүүсийн бүрдэл юм. Хүний чанар муудаад байна. Хүнээ ярихгүйгээр зөвхөн тогтолцоо яриад байж боломгүй. Энгийн иргэн, дарга цэрэг, шийдвэр гаргагчид, эрх мэдэлтнүүд ч бай тэдгээрийн чанар чансаа, ёс суртахуун, чин сэтгэл, зорилго, хүсэл тэмүүллээс асар их зүйл шалтгаалж байна. 

Тэгээд хэрхэх вэ?

Өнгөрсөн олон жилийн хугацаанд улс төрчдийг ажиглаад байхнээ хоорондоо санал зөрөлдөж, олон дайсантай болж байх шиг. Энэ нь эргээд асуудлыг шийдэх биш өрсөлдөж, тэмцэлдэхэд хүргэж улс, нийгмийн асуудал хойш тавигдаж байна. Магадгүй хүн өөрийнхөөрөө тэмцэж тэмүүлээд явж байтал өмнүүр нь бусармаг аргаар хөндөлсөж, эрх чөлөөнөөс нь хумслаад байвал хэнд ч таатай биш. Эрчүүд хоорондоо хонзогноно. Муу хүмүүс атаа хорсол тээж, арай шударга нь зэвүүцээд өнгөрдөг болов уу. Эрчүүд зарим зүйлсийг байгаагаар нь хүлээн авч, зохицоод яв гэдэг. Гэтэл муу бүхнийг хүн л хийж байгаа биз?... Хүнээ өөрчлөх, засах тухай биш хэргийн мөр хөөгөөд байх нь өрөөсгөл санагддаг. Улс төрийн тоглолт, оноо авалт, танигдалтын ард эцэст нь асуудал шийдэгдэхгүй өнгөрсөөр байна. Хүмүүс аливаа зүйлд нухацтай хандаасай. Хүүхдээ тик ток сонирхож, дэмий юманд дурлалаа гэдэг шиг томчууд өөрсдөө хов, хоронд дурлачихаад байна. Зөв дуугарч, шударга хандаж, зарчим яриахаар буруутан болдог тийм л сонин үед бид амьдарч байна. 

Тийм гэж үү?

Хэдийгээр улс төр хатуу, зарим зүйл санаагаар болохгүй шатах үе байдаг ч хувь хүний хувьд нөхөрсөг, найзархаг тулдаа аливаа зүйлийг балансалж явна даа.

Эмэгтэйчүүдийн амыг хамхих, мохоох зорилго эрчүүдэд бий юу? 

Монголчууд ерөнхийдөө патриарх үзэлтэй. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар би олон хэлэлцүүлэгт орж байлаа. Нэг удаа яриаг яаж ийгээд л ахуйн сэдэврүү оруулаад байсан. Манай гэрт эхнэр хамаг юмаа шийддэг. Мөнгө төгрөг өгөхөөр зарцуулна гээд ярьж байгаа юм. Тэр бол айлын асуудал. Гэтэл бид тэнд улс нийгэм, байгууллага, улс төрийн намын түвшинд асуудлаа ярьж байлаа. Нийтийн сайн сайхны төлөөх асуудлуудыг шийдвэрлэх эрх нь эрчүүдэд илүү бий. Тэр талаар ярихаар та нар бид нартай зэрэгцээд нэг ширээнд суудаг, ер нь дутуу хөтүү юм байхгүй гэдэг.

Эрх мэдэл гэснээс эмэгтэйчүүд үйлчилгээний салбарт, байгууллагад бол гүйцэтгэх алба л хашдаг юм шиг санагддаг

Эрчүүд эмэгтэйчүүдэд ажил даалгахаар гүйцэтгэл сайтай гээд шулуухан ярьдаг. Магадгүй дээр үед байсан бол феодалын нийгмийн эсрэг хүйстнээ дорд үзэх "зарцлах"-тай зүйрлэж болмоор. Орчин цагт дагалдан баясагч аятай. Эмэгтэй хүн зөвхөн гүйцэтгэгч биш. Санаа бодол, оюун ухаан, мэдлэг боловсрол, шийдвэр гаргалтын хувьд эн тэнцүү гэдгийг ойлгож, хамтран ажиллаж болно. Эрчүүд үзэл бодол зөрөлдөөд ирэхээр тэрсэлдэж байгаад базах гэдэг. Санаатай юмуу гэхээр үгүй. Зүгээр л хүний эрхийн мэдрэмжгүй байдал нь тэр. Эмэгтэйчүүд ч өөрсдөө мэддэггүй. Айл айлын ёс заншил өөр. Тухайлбал, дэлхийд барууны соёл азиас ондоо. Ази дотроо Япон, Солонгос, Монгол эмэгтэйчүүд өөр, өөр. Гэтэл Монгол дотроо эмэгтэйчүүд, айл өрхийн соёл нь ондоо. Зарим айл нөхрөө дээдэл, аавыгаа хүндэл гэнэ. Хүндлэл нь магадгүй зарим айлд ижил тэгш эрхтэй, харилцан тэгш хүндлэлтэй, бие биенийгээ зөв ч, буруу ч сонсдог, харилцан ярилцаж, диалогт орж ойлголцож, нэгдсэн шийдвэрт хүрдэг бол зарим айлын соёл нь эрэгтэй нь шийдээд, эмэгтэй нь “за тэгье” гэх жишээний. Тэр нь эмэгтэйд нь ч, эрэгтэйд нь ч ямар ч асуудал үүсгэдэггүй сурчихсан. Гэр бүлдээ би зөвхөн ганцаар хоол хийх биш, хоорондоо ойлголцоод өглөөний цайг нөхөр маань бэлдэнэ гэхчилэн энэ бол байх л зүйл. Гайхуулж, сайрхах зүйл биш. Энэ бол байх ёстой асуудал. Ерөөсөө онцгой гойд юм биш. Яахав хэнийх нь ч буруу биш. Зүгээр л хүмүүжчихсэн арга зам соёл нь тэр. Мэдээж юм хэмжээнээсээ хэтэрвэл аль аль тал нь л буруу.

Гэр бүлд ийм байж. Харин улс төрд?

Эмэгтэйчүүдийн квот гэж байгаа юм. Харахад эмэгтэйчүүд оролцоотой байна. Энэ бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш нийгмийн асуудал л даа. Нийгэмд олон асуудал байна. Архидалт, ажилгүйдэл, гэр бүл салалт, ядуурал, мансуурал, амиа хорлолт гээд бүгд байна. Энэ болгон чинь нийгмийн асуудал. Үүн дээр зөөлөн чанарын асуудлууд орхигдоод дан ганц том том мега төслүүд, уул уурхай, төсөв санхүү, эдийн засаг л яриад байна. Гэтэл хүн гэдэг чинь зөвхөн санхүү мөнгөнөөс хамаарч амьдардаг юм биш. Сэтгэл зүйн байдал, орчин бүх юм нөлөөтэй. Эмэгтэйчүүд байгалиасаа аливаа юмыг нарийвчлан харах чадвартай. Аль ч салбарт ажиллаж чадна. Бид төлөөллийг л бий болгоё гэсэн зарчмын асуудал ярьсан болохоос биш эмэгтэйчүүдийг зориудаар, утгагүй, агуулгагүйгээр дэмжье гээгүй. Улс төрд олон эмэгтэй орж байгаа мэт харагдавч сонгуулийн зардал, санхүү мөнгөний боломжгүй байдал, нийгмийн хэвшмэл ойлголтоос шалтгаалж төдийлөн сонгогддоггүй. Гэхдээ бид улс эх орноо хөгжүүлье, тулгамдаад буй олон асуудлыг шийдвэрлэе гэсэн санаа сэтгэл, зориг тэмүүллээр улс төрд орсон. Эрчүүд болгон чөтгөр, эмэгтэй хүн болгон бурхан биш. Энэ зөвхөн эрчүүдийн буруу биш л дээ. Бид ийм л нийгэм бүрдүүлчихсэн байна. Одоо гол нь чанарт л төвлөрөх хэрэгтэй. Нэгэнт дэмжчихсэн. Одоо үр дүнтэй ажиллах. Ердөө энэ. Ил тод байх ёстой. Ард түмний дуу хоолой байх ёстой. Иргэд идэвхтэй үнэнийг хайдаг, эрэлхийлдэг, зөвхөн пиар хийсэн, гоё ярьсан, дүр эсгэсэнд итгэдэг биш баймаар байна. 

Улс төрчдөд нийгэм хэр цензурь тавьж байна вэ?

“Улсын Их Хурлын гишүүн байж” гээд энгийн юм яриулахыг хүсэхгүй байна. Гишүүн боллоо гээд маргааш нь гоё хослол өмсөөд жүжиг тавьж, тэр жижигхэн өрөөндөө суумагц л би гэгээрээд, миний толгойд мэдлэг урсаад ороод ирэхгүй ш дээ. Иргэд гишүүдийг тулгаж, хайрцаглаж, дүрд хувиргамааргүй байна. Гэнэт мундаг болоод өөр түвшинд очиж, тусгаарлагдаж байгаа юм биш. Чиний хажуугаас чиний дотроос тэмцсээр байгаад дуу хоолой болж энд ирснийг ойлгох хэрэгтэй. Зорилго нь өөрийн амьдралын төлөө биш, нийгмийнхээ сайн сайхны төлөө юм шүү дээ. Хүмүүсийн дунд ялгаатай байдал тэнгэр газар боллоо. Орлогын зөрүү, боловсрол, жалга довны үзэл санаа гээд хагаралдуулах зүйл олон байна. Үүнийг алга болгож, тэгш боломжийг бий болгох нь чухал.

 

 


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх