
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 15-нд эхэлнэ. Сөрөг хүчин дотооддоо эв зүйгээ олж, харин эрх баригч намын даргын төлөөх тэмцэл сүүлийн өдрүүдэд ил, далд хүчтэй өрнөсөн ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө өнөөдөр албан ёсоор зарласан нь энэ бүхэнд цэг тавилаа. УИХ-ын даргын дараагийн толгой өвтгөсөн асуудал нь удахгүй эхлэх намрын чуулганы үйл ажиллагаанд анхаарах, гацаад буй хуулийн олон төсөл, нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна парламентынх нь гишүүдийг ч “сугалах” ажиллагаа эрчимтэй явахтай холбоотой юм. Урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татаж, хариуцлага ногдуулахаар яригдаж буй таван гишүүн. Цаашлаад шүүхээс ял сонсож,ачигдахад бэлэн болсон хоёр гишүүний ч сураг дуулдаж байна. Жишээлбэл,
1. Д.Цогтбаатар: Та нар тэр иргэнгүй Хүннү, Хархорум хот дээрээ очиж ажиллавал таарна
-УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудал парламент дамжин яригдаж буй. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэрэгт үйлдсэнд тооцон анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон. Улсын Дээд шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн нь эцсийн шийдвэр юм. Ийнхүү Д.Цогтбаатар нь “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгож, ЭХ-ийн 22.1-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг шүүх эцэслэн тогтоосон ч эгүүлэн татах асуудал гацаанд ороод байгаа юм. Д.Цогтбаатар гишүүний хувьд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хөндсөнөөс хойш “хэлд орж”, бүхнийг шүүмжилж, гишүүд рүү дайрч давшлах нь ихэссэн. Сүүлд “ Та нар тэр иргэнгүй Хүннү, Хархорум хот дээрээ очиж ажиллавал таарна. Иргэдийн машин унах эрхийг дээдлэх сэтгэл та нарт алга. Хоёрхон хүнээс санал авчихаад УИХ-ын төвшинд асуудлаа ярина гэхээс ичээч” хэмээж байлаа. Д.Цогтбаатарыг хуулиа дагасан ч, нийгмийн шахалт шаардлагыг харгалзсан ч УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй нөхцөл байдал ийнхүү үүсээд байна.
2.С.Ганбаатар: Би өнөөдөр залуусынхаа хэлэхгүйг хэлснийхээ төлөө гишүүнээсээ татуулахдаа тулчихаад сууж байна
-УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү дайрч давшлах нь ихсээд буй. Тэрбээр “У.Хүрэлсүх намайг колони руу явуулах гэж хэтэрхий тачаадаж байна” хэмээн ярилцлага өгч, У.Хүрэлсүхэд АТГ байна, харин надад үнэн байна. У.Хүрэлсүх хаан сэнтийгээ хамгаалах гэж өөрийг нь шүүмжилсэн бүхнийг шоронд хийхээр улайрч байна. АТГ Ерөнхийлөгчийн хувийн байгууллага шиг ажиллаж байна хэмээн мэдэгдсэн. С.Ганбаатарын хувьд Монгол Улсын Ерөнхиийлөгч болох амбийцаа ил тод илэрхийлдэг нэгэн. Тэрбээр “Би мөрөөдлөө нууж байгаагүй. Харин өнөөдөр миний мөрөөдөл алсарч байх шиг байна. Би өнөөдөр залуусын хэлэхгүйг хэлчихснийхээ төлөө гишүүнээсээ татуулахдаа тулчихаад сууж байна” гэлээ. С.Ганбаатарын хувьд МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үедээ гаднын иргэнээс 50 сая вонын хандив авч буй бичлэг ил болж шуугиан тарьсан бол МҮЭХ-ны Ерөнхйлөгчөөр ажиллаж байхдаа холбооны эзэмшлийн газрыг бусдад зарж борлуулсан хэрэгт холбогдон шалгуулсан юм.
3. Н.Алтанхуяг: Шүүхийн энэ танхимд би биш Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар зогсож байх ёстой. Чаддаг юм бол тэднийгээ авчир л даа...
“Хөгжлийн банк”-ны гэх 41 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүх хурал өдгөө дөрөвдэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаанд Н.Алтанхуяг биечлэн оролцож буй бөгөөд тэрбээр “Шүүхийн энэ танхимд би биш харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар зогсох ёстой. Үнэхээр дургүй хүрч байна. Энэ авлигачдаа авчир л даа” хэмээн бухимдсан юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувьд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д зээл олгосон гэх хэрэгт холбогдсон. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-ийн 3 буюу “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” зүйл ангиар яллагдагчаар татсан ч анхан болон давж заалдах шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн юм.Харин Улсын Дээд шүүх хуралдаанаараа хэргийг дахин хэлэлцээд, Н.Алтанхуягийг цагаатгасан шийдвэрийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь энэ юм.
4. Б.Найдалаа гишүүнийг Хөгжлийн банкны хэргээр дахин шүүнэ
-УИХ-ын гишүүн Б.Найдалааг Хөгжлийн банкны хэргээр дахин шүүхээр болсон.
Тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татан, шүүсэн. Анхан шатны шүүх Б.Найдалаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч харин Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэн дахин хэлэлцэхээр болсон юм. Ийнхүү УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Найдалаа нарыг анхан шатны шүүх гэм буруутай гэж үзвэл тэдний бүрэн эрх хөндөгдөж таарах нь.
5. УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах дараагийн хүн нь Э.Болормаа гишүүн болж байна. Түүнийг гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хандивын мөнгийг буцаахгүйгээр, сонгуулийнхаа ажилд зарцуулсан гэдэгт буруутгаж буй юм.Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн компанит ажилдаа 789 сая төгрөгийг зарцуулсны 460 сая төгрөгийг 17 компани хандивласан бөгөөд эдгээрийн дотор гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани багтжээ. Э.Болормаагийн ХААН банкны 5107157116 тоот дансанд гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компани 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдөр “бизнесийн орлого” гэсэн утгатайгаар 30 сая төгрөгийн хандив өгсөн байдаг. Гэтэл Э.Болормаа уг хууль бус хандивыг буцаан шилжүүлээгүйгээр барахгүй өдгөө мэлзэж суугааг нь түүний 2024 оны зургаадугаар сард Үндэсний аудитын газарт өгсөн “явцын тайлан” ч нотолж байгаа юм. УИХ-ын сонгуулиар гадаадын хөрөнгө оруулалттай компаниас их хэмжээний хандив авсан нь Сонгуулийн болоод бусад хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой үйлдэл тул эгүүлэн татах ёстой гэдэг шаардлагыг иргэдийн төлөөлөл тавьж, мэдээлэл хийж байсан юм. Тэд УИХ-ын даргыг энэ гишүүнээ эгүүлэн тат эс бөгөөс хариуцлагаа хүлээн хамтдаа огцор гэх шаардлагыг тавьж байсан билээ.
Д.Амарбаясгалангийн өмнө олон даваа байна. МАН-ын даргын сонгуульд хүч үзэх, цаг хугацааны хувьд шавдуу байгаа хуулийн төслүүдээ цэгцлэх, парламентын “гэмт хэрэгтэн” нөхдийн асуудлыг нэгмөр болгох гээд намрын чуулган УИХ-ын даргын шандас, тэвчээрийг сорих бололтой.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2025-09-16 13:40:41
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00