
Нийслэлийн Прокурорын газраас шалгагдаж байгаа хэргүүдийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд: "Өнөөдрийн байдлаар шүүхэд шилжүүлсэн Прокурорын хяналтанд байгаа дараах хэргүүдийг дурьдаж болж байна. Нэгдүгээрт, Салхины мөнгөний ордтой холбоотой нэр бүхий ЗУРГААН шүүхчид холбоотой хэрэг байна. Мөн ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан албан тушаалтанд холбогдох хэрэг, Хөгжлийн банканд захирлаар ажиллаж байсан албан тушаалтны эрх мэдлээ урваалан ашигласан хэргийг Прокурор хянаж байна. Харин Ховд аймгийн байгалийн цогцолборт газар нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмалыг хууль бусаар олборлож байсан "Өгөөж төв" ХХК-ийн захирал, Бэлон ХХК-ийн захиралд холбогдох хэргүүдийг Прокурор хянаад өчигдөр нэмэлт ажиллагаа хийлгэхээр АТГ-т буцаасан.
Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдээд харьяалах шүүхэд гэм бурууг нь шийдүүлэхээр шилжүүлсэн нэлээдгүй хэргүүд байна. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан мөн тухайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан албан тушаалтан болон ЖДҮХС-ийн захирлаар ажиллаж байсан албан тушаалтанууд бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэг байна. Мөн Монголбанкны захирлаар ажиллаж байхдаа Монголбанкинд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг дурьдаж болж байна. Мөн Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын албан тушаалтнууд бүлэглэн удаа дараагийн үйлдлээр мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглан их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. За мөн олны танил дуучин Б.Амархүүд холбогдох хэрэг байгаа. Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодисыг түүж бэлтгэн, бусдад худалдсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байна.
Эдийн засгийн Эрүүгийн хэрэгтэй тэмцэх газраас шалгасан Бүгд найрамдах Нигер улсын хоёр иргэн бусадтай хамтран ААН байгууллага нэрийдлээр бусдаас их хэмжээний доллар, евро залилсан. Мөн мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн.
Оюутолгойтой холбоотойгоор С.Баяр, С.Баярцогт нар холбогдох хэрэг прокурорын шатанд ирсэн хянагдаж байна" гэв.




