
Австралийн сэтгүүлч, кино найруулагч, зохиолч , Сиднейн их сургуулийн “Энх тайван ба зөрчил” судлаач, “BBC”-ийн шинжээч Жон Пилгер “Дэлхийн дайн чимээгүйгээр эхэлж байна” нийтлэл “www.rt.com” дээр тавигдсаныг хөрвүүлэн хүргэж байна.
АНУ-ын Штабын Ерөнхий командлагч асан Жеймс Картрайт “Орчин үеийн зэвсэг улам ухаалаг, авсаархан болж байна. Дэлхийн II дайнаас хойш АНУ цэргийн хүчин болон зэр зэвсэгтээ ихээхэн анхаарал хандуулах болсон” хэмээсэн байдаг. Дэлхийн цөмийн дайн баруунд аль хэдийн эхэлсэн гэж хэлж болно. Энэхүү цөмийн дайныг улам аюултай болгож, Азийг татан оролцуулах өдөөн хатгалага бол АНУ-ын БНХАУ-ын эсрэг явуулж буй кампанит ажил. АНУ Өмнөд хятадын тэнгист БНХАУ цэргийн байгууламжууд болон элсэн хана босгож байна. Энэ нь Филипин, Тайван зэрэг хөрш зэргэлдээ улсынхаа эрх ашгийг зөрчиж байна гэж үзэн “Тэнгисийн эрх чөлөө” хэмээх суртал ухуулгын компанит ажил эхлүүлсэн. Түүнчлэн АНУ-ын байлдааны хөлөг онгоцнууд Өмнөд Хятадын тэнгисээр эргүүл хийх болсон. Хэрэв БНХАУ-ын дайны хөлөг онгоц Калифорнийн эргээр эргүүл хийсэн бол АНУ ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бол. Би “Дайн бидэнд харагдахгүй” нэртэй баримтат кино хийсэн. Энэ үеэрээ BBC,CBC, CNN зэрэг томоохон агентлагуудын шинжээчидтэй ярилцаж байсан юм. Тэдний олонх нь “Томоохон гүрнүүд дэлхийн энхтайван, сайн сайхны төлөө гэдэг ч цаанаа өөрсдийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг. Энэ болж буй бүхий л процесс гадна өнгөц асуудал. Харин цаана нь юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Өнөөдөр бид дэлхийд дахин дайн болох уу, үгүй юу гэж бичиж, ярьж л байна. Үнэндээ тэр яриад буй дайн аль хэдийн эхэлчихсэн. Хүмүүс дайн гэхээр дэлхийн I,II дайныг л төсөөлж байгаа байх гэхдээ одоо байдал огт өөр” хэмээж байсан юм. 21-р зуун зөвхөн цөмийн цэнэгт хошуу, устөрөгчийн бөмбөгөөр тодорхойлогдохгүй. Сирид болж байгаа иргэний дайн, Египетэд үргэлжилсээр байгаа “арабын хавар”, Ливи ба Иракийн асуудал, БНХАУ-ын хурдацтай өсөлт, Япон дахь атомын станцийн сүйрэл, Евро бүсийн эдийн засгийн хямрал, пуужингаас хамгаалах систем, Ираны энхийн цөмийн хөтөлбөр, “Латинамерикийн хавар”, хамгийн тайван гэгддэг Европ тивийн улсуудад толгой дараалан гарч буй террорист халдлага, дүрвэгсдийн асуудал зэргээс зөвхөн замбараагүй, ойлгомжгүй байдлаас өөр юу ч харагдахгүй байна. Гэхдээ энэ бүхэн дэлхий дахиныг хяналтандаа оруулахаар хичээж буй томоохон гүрнүүдийн эрхшээлийн дагуу хийгдэж байгаа юм. 1960-аад оны сүүлчээр гарсан “Энхтайван байдлыг хадгалах боломжууд ба манай далд зорилгуудын тухай Айрон Моунтийн тайлан” гэдэг нэртэй нэг тайланг тэр үеийн АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Роберт Макнамарын захиалгаар бичсэн байна. Энэхүү тайланд “АНУ-ын дараа дараагийн Засгийн газрууд өөрсдийн засаглал, эрх мэдлийг бэхжүүлж барьж байхын тулд дайн эсвэл түүнтэй төстэй зүйл зайлшгүй хийж байх шаардлагатай. Ихэнх тохиолдолд улс үндэстнүүд өөрсдөө мөргөлдөөнүүдийг хайж байдаг ба тэдэнд хэрэгтэй учраас л тэд өөрсдөө ийм мөргөлдөөнүүдийг бий болгодог. Дайн бол улс төрийн талаасаа ямар нэг элдэв саад тотгоргүйгээр чөлөөт зах зээлийн эдийн засгийн зохиомол эрэлтийг бий болгож байх маш чухал хэрэгсэл юм” хэмээсэн байдаг. Энэ бүх “арабын хаврууд”, улс орнуудад дараалан гарч буй халдлагууд, цөмийн зэвсгийн хурдацтай өсөлт, террорист бүлэглэлүүдийн хүчирхэгжилт, улс орнуудын хооронд үүсч буй зөрчилдөөн бол Баруун ба түүний холбоонууд Ази руу довтлон дайрахынхаа өмнө, өөрөөр хэлбэл Орос ба Хятадтай дайн хийхийн өмнөх бэлтгэл юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу