Нийслэлд хүр эрвэйхээн нүүдэл ихэсчээ. Эрвээхэйн нүүдэл зөвхөн эхэлж байгаа бөгөөд есдүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна. Нүүдлийн оргил үе нь наймдугаар сарын дунд 10 хоног байх гэнэ. Үүнээс хойш байгалийн аясаар эрвээхэй өндгөө гаргаж, огт үзэгдэхгүй болох аж.
Наймдугаар сарын дунд үеэс үй олноороо нисэн эвцэлдээнд орж наймдугаар сарын сүүлч есдүгээр сарын эхээр өндөгөө хад асга, байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахан тэндээ өвөлждөг байна.
Ойн санд их хэмжээгээр аюул учруулдаг энэхүү хортон шавьжийг устгахад зориулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам 9 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.
Судалгаагаар энэ онд манай орны 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680.000 га талбайд хөнөөлт шавьж тархаж, 69 сумын 590.000 га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгааг тогтоосон байна.
Хор хөнөөл:
- Хүрэнцэрийн үе шатандаа 300 гаруй төрлийн мод, бут сөөгөөр хооллон хөнөөл учруулдаг навч шилмүүсний гол хөнөөлт шавжийн нэг юм.
- Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх магадлалтай тул болгоомжлох.
Урьдчилан сэргийлэлт:
- Идэвхитэй цагуудад нь тагт,цонхоо хаах
- Цонх, тагтандаа хамгаалалтын тор хийх
- Өндөг шахах боломжтой газруудыг сайтар шалгаж байх
- Өндөглөсөн газруудыг яаралтай устгах
- Нүцгэн гараараа биенд нь хүрэхгүй байх
- Шөнийн цагаар хурц гэрэл асаахгүй байх
Бие гүйцсэн эрвээхэйг устгах:
- Ажлын бээлий өмсөх
- Амны хаалт хэрэглэх
- Нүдний шил зүүх
- Эрвээхэй хийх сав
- Хүрз
- Ажлын хувцас өмсөх
Ихээр цугласан эрвээхэйг хүрзээр шуудайнд хийнэ. Шуудайлсан эрвээхэйг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булна. Булах нүхний хэмжээ нь устгах эрвээхэйн овор хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд газрын гадаргаас 20-30см доор булсан байх ёстой.
Авгалдайг устгах арга:
- Гэрийн туурга, байшингийн хананы завсар өндөгөө шахсан бол бие гүйцэхээс нь өмнө устгах хэрэгтэй.
- Бээлийтэй гар эсвэл төмөр, модоор авгалдайг хусч аваад шатаах хэрэгтэй.
- Угаалгын нунтагтай усаар угаах
Өрөөсгөл хүр эрвээхэйн өндөг:
Хүрэнцэр бор саарал өнгөтэй бүх бие нь үсээр гучигдсан бөгөөд цээжин биеийн эхний 6 цагираг дээр хөх, бусад дээр нь тод улаан товгорууд байна. Өвөлжсөн өндөгнөөс хавар 5-р сард эхний хүрэнцэрүүд гарч ирэн аль залуу модны навч, нахиагаар хооллох бөгөөд олширсон жилдээ модонд нэгч навч, шилмүүс үлдээлгүй иддэг. Хүрэнцэр 40-50 хоногийн туршид амьдрах хугацаандаа эр хүрэнцэр 5 удаа, эм нь 6 удаа гуужин өсдөг байна.
Т.Цолмонсайхан