
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр мэдэгдэл хийх үеэрээ Нийслэлийн Ардчилсан Намын дарга, ирээдүйд боломжтой бол Нийслэлийн Засаг даргад дахин өрсөлдөнө гэдгээ илэрхийллээ.
Тэрээр “Би нийслэлийнхээ төлөө ажиллана. Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Би Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй. Одоо залуусаа дэмжих цаг болсон. Залуус нийгмээ авч явах цаг нь болсон. Манай намын залуус энэ нийгмээ аваад явна гэдэгт би эргэлзэхгүй байна” гэв.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал удаа дараа хойшилсонтой холбогдуулан тэрээр өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд ингэхдээ түүнд холбогдох хэргийн шүүх хурал удаа дараа хойшилсон нь түүний зүгээс ямар нэг хууль зөрчсөн үйлдэл байхгүй, шүүх хурал болоогүй байхад өөрийг нь бусад хүнийг ч гэм буруутай мэтээр ойлгуулж байгааг мэдэгдсэн юм.
Мөн Э.Бат-Үүл энэ үеэр “Би Монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөр зүйл хийгээгүй. Би авлигын төлөө тэмцсэн. Олон түмний тархийг угаадаг АТГ, прокурорын хууль бус үйл ажиллагааг шалгуулахаар УИХ-д хандах болно” гэлээ.
Ж.Батдорж




