
Хүний түүх, хүний амьдралын түүх, ҮНЭН... Зугтах, нуух, засаж тэмдэглэхийн аргагүй туулаад ирсэн тавиланг яалтай. Гагцхүү тухайн хүний тэмцэж, тэмүүлэн ирсэн зоригт өдрүүд, чин сэтгэл, оюун бодол, хичээл зүтгэл түүнийг бүтээж ХЭН БЭ гэдгийг харуулдаг аж.
Миний өнөөдрийн зочин бол Монголын олон охид эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун юм. Эмээгийнхээ гар дээр өссөн түүний бага нас тийм ч дардан байсангүй. Зургадугаар ангид орох жилээ хүүхдийн сониуч зангаар моринд мордоод авах зуур амьдралд нь гунигт явдал тохиолдоно чинээ яахан санах билээ. Бэртэл авч, улмаар ясны хорт хавдартай учирсан түүний бага нас өвдөлт шаналал, ганцаардал, гомдол цөхрөлийн дуун хадааж, хорвоогийн үнэнийг эрэн хайхад хүргэжээ.
Гэсэн ч тэр өөрийгөө өрөвдөж суугаагүй. Өдөр бүр тэмүүлж, тэмцэж ирсэн. Хичээлээ хийгээгүй, чармайгаагүй нэг өдөр түүнд байхгүй. Өөрийн гэсэн дулаахан гэр оронгүй эмээ охин хоёр нагац эгчийнхээ амьдралд багагүй ачаа нэмснээ эмзэглэн дурсана. Баян хошуун дахь жижигхэн хашаандаа хөгжлийн бэрхшээлтэй буюу өрөөсөн хөлөө тайруулсан жаахан охин, өндөр настай харааны бэрхшээлтэй, хөл муутай эмээтэйгээ амьдарна гэдэг хүнд даваа. Гэр хорооллын гудамж дахь өндөр налуу, төв замын багагүй зай тэдэнд урт хол байсан. Өвдөлт, эмнэлгийн үнэр, олон удаагийн хүнд хагалгаа. Бодоход ч зүрх зүсэм. Химийн эмчилгээ, үс уналт, өвдөлт бас ЭДГЭРЭЛ. Картын бараа, зах зээл, талхны очер заримд нь танил ч, заримд нь бас нэгэн түүх болж үлдсэн нь дамжиггүй.
О.Саранчулууны хувьд аав ээжийнх нь гэрлэлт бүтэлгүйтсэнээр хоёрхон настай байхдаа ээжтэйгээ үлдсэн байна. Аавынхаа талаар тэр сайн мэдэхгүй ч Монгол түмэн үндэс угсаа, нутаг усаа дээдэлдгээс хойш аавыгаа Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хүн гэдгийг нь л мэддэг гэв. Амьдралын эрхээр ээж нь ахин хүнтэй гэрлэж охин эмээгийнхээ гар дээр очжээ. Түүний эмээ охиндоо хойд эцгийн нүүр үзүүлэхгүй гээд ээжээс нь аваад явчихаж. Нэг л мэдэхэд дөрвөн дүүгийн эгч болсон ч нэгийгээ бурханд алдсан явдлаас хойш тэрбээр сэтгэлдээ жижигхэн бурхан залж, залбирдаг болжээ.
Ээж маань 1990-ээд оны үед цэцэрлэгт ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажилгүй болж, хэдэн дүүг маань өсгөх гэж орцны жижүүрээр хүртэл ажиллаж байсан. Одоо гэмтлийн эмнэлгээс тэтгэвэртээ гарч, эрүүл саруул, энх тунх амьдарч байгаа. Ээж минь хөөрхий зовлон үзсэн эмэгтэй бий гэв. Олон жаахан хүүхэдтэй эрвийж, дэрвийхээрээ яваа ээждээ тэр гомддог байсан ч нэг л өглөө бүх зүйл уучлалаар анагаагдаж.
Сараа бага ангид байхдаа олон сургууль шилжжээ. Хамгийн сүүлд долдугаар ангидаа нэгдүгээр хорооллын нэгэн сургуульд суралцах болсон нь түүнд амьдралынх нь найзуудыг бэлэглэсэн. Анги удирдсан Цэндмаа багш нь хүүхдүүддээ Сараагийн хөлний тухай тайлбарлаж, найзыгаа халуун дулаанаар хүлээн авахыг хүсчээ. Сэтгэл дотроо хөлгүйдээ үргэлж гэмшиж ирсэн Сараад ангийхан нь тав тух гэдгийг мэдрүүлсэнд одоо ч талархаж явдаг юм билээ.
Эмээ нь түүнд үргэлж “Хэдий чи хөлөө тайруулсан ч гэлээ, толгойгоо тайруулаагүй. Боловсрол хамгийн чухал. Хүн мэдлэг чадвараараа хол явна. Энэ амьдралд чинь хүн толгойгоороо л явдаг болохоос хөлөөрөө явдаггүй юм. Хичээлээ л сайн хий” гээд зоригжуулдаг байж. Тухайн үедээ хөлөө тайруулчихаад байхад эмээ юу яриад байна даа гэж гомддог байсан гэв. Уг нь тэр бага ангид байхдаа бүжиглэх тун дуртай байжээ. Цасан охин болж эргэлдэнэ. Урлагийн үзлэг, багт наадам гээд хүүхэд бүрийн хөөр баяр болсон сургуулийн арга хэмжээнд дэгдээд л бүждэг байж. Бүр бүжигчин болно гэж боддог байж. Хорт хавдартай болно гэж яахан санах билээ дээ.
Ингэж явсаар их сургуулийн конкурс өгсөн нь Сараад бас нэг цохилт болсон. Найзтайгаа зөвлөлдөөд МУИС-ийн Нийгмийн ажилтны ангид орох гэсэн боловч улаан шугамны доор таслуулчихаж. Тэр дороо л сэтгэлзүйн хямралд өртөж, ингээд л миний амьдрал дууслаа гэж бодохоос гол гогдож, нойргүйдээд Шархадны эмнэлэгт хүртэл эмчлүүлж байжээ. Мэдрэлийн ядаргаа нь туйлдаа хүрсэн хэрэг. Ингээд нэг жил өнжиж, тэр хугацаандаа дэлгүүрт ажиллахын хажуугаар шалгалтандаа бэлдээд намар нь элсэн суралцаж чаджээ. Сараа Карл попперын мэтгэлцээн, илтгэл, эрдэм шинжилгээний хурлуудыг гаргаадаггүй болсон. Одоо улс төрийн халуун тогоонд хамт чанагдаж яваа С.Эрдэнэболд, Б.Энхболд нар тухайн үед цуг мэтгэлцдэг байж. Мэтгэлцээн бол хүнийг өөрийгөө илэрхийлэх чадвартай болгохоос гадна асар их итгэл өгдөг гэв. Найрамдал зусланд зохион байгуулсан УАШТ-нд ороод Гуравдугаар байрт орсон нь томоохон амжилт нь байж. Багш нь үргэлж түүнийг урамшуулж, түлхэж, урам зориг өгч байжээ.
Гуравдугаар курсээсээ Сараа найзтайгаа нийлж айлын хажуу өрөө түрээслээд өөрийнхөөрөө, жинхэнэ дур зоргоороо амьдарч эхэлсэн байна. Химийн эмчилгээний дараа үс нь унаж, багагүй царай дарсан түүнд богино халимаг, өргөн жийнс, чөлөөт хувцас л ногддог байж. Тэрүүхэндээ тамхи татаж дэггүйтэж байснаа ч ярив. Халимаг үстэй охидууд тэр үед танхай харагддаг байжээ. Мөн хиймэл хөлтэй учраас нарийхан өмд, юбки өмсөх нь түүний хувьд мөрөөдөл ч гэлээ сонголтгүй байж. Харагдах байдал тиймхэн ч Сараагийн хувьд номын сан, хичээл л чухал байсан гэв. Ингээд Анагаах ухааны их сургууль дээр оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцож, хоёрдугаар байрт шалгарсан нь түүний амьдралд мөн луужин болсон. Хоёр сургуулийн ялгаа газар тэнгэр байсан хэмээн инээв. Учир нь МУИС хөл хөдөлгөөн ихтэй, ёстой л бужигнадаг бол анагаах дээр нам гүм, чимээгүй орчин угтжээ. Эрдэм шинжилгээний хурлын дараа анагаахын ахмад багш түүнийг сургуульдаа ажиллахыг санал болгожээ. Дамдинжав багш маань намайг хоёрхон жил тэвчээд цагийн багшаар ажиллаж байгаад магистраа хамгаалаад үндсэн багшаар үлдэх хэрэгтэй. Хүний амьдрал, юм гэдэг учиртай хэмээн аргадахын хажуугаар ятгаж дийлжээ. Ингээд л амьжиргааны зардал, магистрын төлбөрөө олохоор олон газар цагаар багшилж, ёстой л хөдөлмөрийн амтанд шургалчихаж.
Тэрүүхэн үед өөрөөс нь 10 насаар ах залуу түүнийг шохоорхож, анх удаа хайрлаж дурлах нь тэр. Ингээд түүнийг гэсэн сэтгэлд нь уясч, хамтын амьдрал эхлүүлсэн боловч хар шуурга дэгдэв. Итгэл хайрынх нь ард айдас, хүчирхийлэл, зодуур, үзэн ядалт, өвдөлтийг түүнд дахин авчирсан. Өөрийн гэсэн байр, хувийн бизнестэй тэр залуугийн хүчирхийллийг ойр хавийнхан нь “Тэвчээд амьдар. Эмэгтэй хүн болгон ийм зовлон амсдаг” гэж номлосон нь түүний дотрыг арзгануулж, улам зугтахад хүргэжээ. Хөгжлийн бэрхшээлтэй, хар борогхон амьдралтай байлаа гээд хэн нэгний гарын шүүс болохыг тэр хүсээгүй. Гэмтлийн эмнэлэг, авс гэсэн хоёр сонголтоос тэр зугтсан. Найздаа тэр одоо ч талархдаг. Бүгд л түүнийг тэсч, тэвч гэсэн бол найз нь түүнийг яасан ч үүнтэй эвлэрч болохгүйг дахин дахин сануулдаг байж. Ингээд тэр өдөр шөнөгүй өөрөө бие даан англи хэлээ бэлдэж, найзынхаа зөвлөснөөр Изриал руу нэг жилийн магистрын хөтөлбөрт хамрагдахаар явж чадсан. Вагонд суухдаа нүдээ тэс цохиулчихаад нөгөө нүдээ адилхан хөхөөр будчихаад явсан гэж ярихдаа эмзэглэж байсан ч баяр, бараан хоёр нь тэнцсэн тэр өдөр түүний шинэ амьдралын нэг гишгүүр байсан юм.
Изриалд очоод 3 өдөр нам унтсанаа тэр гайхсан. Сэтгэл, түгшүүр, айдсаа тэр гурван өдөр дарж, амарч чаджээ. Ингээд жилийн хугацаанд өөр орчинд тэр өөрийгөө олсон. Тийш очих хүртлээ НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаанд судлаачаар баруун аймгийг 28 хоног фургонаар тойрон ажиллаж замын зардлаа олжээ. Тэр тархиндаа энэ миний амьдрал биш шүү гэдгийг хатуу кодолж, сэтгэлээ бөхөлчихсөн байсан.
Та Изриал руу явахдаа зориг шулуудсан байж. Тэндээс өөртөө юуг олж авсан бэ?
- Тэнд надад бүх юм сайхан байсан. Хэдий дайнтай байсан ч гэлээ миний сэтгэл амгалан тайван байсан. Бас хөгжлийн бэрхшээл, ялгаатай байдалдаа тэнд огтхон ч эмзэглээгүй. Би хөлөө тайруулсан. Төмөр хөлтэй учраас богинохон шорт өмсөж болно гэж хэзээ ч надад төсөөлөгдөж байгаагүй. Гэтэл тэнд энэ бүхэн хэвийн зүйл байсан. Тухтай мэдрэмжийг тэнд анх авсан. Бас тэнд 5дах өдөр болгон үдээс хойш 15 цаг гэхэд бүх ажил, хичээл сургалтын үйл ажиллагаа зогсоно. Бүх нийтээрээ амарч тэр өдрийг гэр бүлдээ зориулдаг. Тэнд хүмүүс үнэхээр гэр бүлсэг байсан. Би тэндээс гэр бүлийн халуун дулаан байдал гэж ийм юм байдаг юм байнаа гэж харсан. Нэгдүгээрт, гэр бүлийн харилцаа чухал гэдгийг, хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээл бол бэрхшээл биш юм байна гэдгийг маш сайн ойлгосон гэв.
Тэр Монголдоо буцаж ирээд Анагаахын сургуульдаа багшилж, олон улсын төсөл хөтөлбөрүүд дээр ямар ч зай завсаргүй ажилласан. Ажиллах л түүнд чухал байсан. Ээждээ шинэ гэр авч, дүү нартаа багахан ч дэм болж эхэлсэн. Удалгүй ханьтайгаа учирсан. Сэтгэлдээ толбо тээж явсан түүнд гэрлэлт тэнэг хэрэг мэт санагдаж, үнэндээ ихэд зүрхшээнгүй байж. Тэр үеийн нийгмийн байдлаас шалтгаалаад архи уудаг, эхнэрээ зоддог, орилж хашгичдаг эрчүүдийн дүр тод байсан учир сэтгэл нь яагаад ч юм айдастай байж. Эмэгтэй хүнд гар далайдаггүй, мэдлэг боловсролтой, зөөлөн сэтгэлтэй хүнтэй л суувал сууна гэж бодсон нь биеллээ олж, ханьтайгаа учирчээ. Түүний хань хятад, англи хэлтэй, зөөлөн зан чанартай, хайранд өссөн хүн байсан. Ямар ч байсан энэ хүн намайг зовоохгүй, зодохгүй гэдэгт би бат итгэчихсэн гээд инээв.
Таны хавдар эдгэсэн үү?
- Тийм ээ. Эдгэрсэн. Эмч маань нэг л өдөр “За Сараа, чи хавдраас болж үхэхээргүй байна шүү” гэж хэлсэн. Тэгээд л сэтгэл санаа дагаад сайхан болчихсон.
Би хүүгээ хоёр ойтой байхад АНУ-ын Колумбын их сургуульд сурахаар явсан. Энэ үед нөхөр болон хадмууд маань намайг дэмжиж, арын амьдралаа бат дааж үлдсэн. Нэг удаа Нью-Йоркд Цэнтрал паркад алхаж байгаад Ахиллис интернэйшнлийн үүсгэн байгуулагчтай санаандгүй танилцаж, улмаар Монголд салбараа байгуулжээ.
2016 онд Сараа автын осолд орж, хүзүү нуруу нь хэд хэдэн газар хугарч бүрэн хэвтэрт оржээ. Тэр үед нөхөр нь түүнээс алхам ч холдолгүй, асран халамжилж байсан. Ингээд тэргэнцэртэйгээ суухын дайтай болмогцоо тэрээр мөн л Итали руу ажлаар явсан. Нөхөр маань намайг хаашаа л явна, яана гэсэн бүх зүйлээр дэмжиж, ард минь бат байдаг гэв. Италид очоод Аз жаргалын сэдвээр долоон оронд судалгаа хийх ажилд өөрийн оронд судлаачаар ажиллахаар болсон юм. Нөхөр бид хоёр ихэнхдээ тусдаа байсан. Гэлээ ч гэр бүл болоод арван таван жил болсон байна. Намайг ирсний дараа нөхөр маань мөн АНУ-д ажиллаж, амьдрахаар болж ингэж явсаар Ковидын үеэр л гэртээ бүгд амьдарсан. Манай хадмууд надад маш их дэм болдог гэв.
Сараа уйгагүй ажиллаж хөдөлмөрлөхийн хэрээр, хөдөлгөөн засал, нөхөн сэргээх эмчилгээ гээд өөрийгөө ч чамгүй тордож. Үүний хажуугаар мөн сэтгэлээ ч тогтоож, сэтгэлзүйн хөтөлбөр, сургалтуудад хамрагдаж байж. Түүний амьдрал бүхэлдээ тэмцэл мэт. Өөрийнх нь хэлснээр би яг л дөрөв, таван зэргэлдээ ертөнцөд амьдарсан мэт гэж тайлбарласан. Тиймээ, тэр унасан бас боссон. Өвдсөн бас эдгэсэн. Шаналсан бас шагнагдсан.
2023 онд Энэтхэг Монголын хамтын ажиллагааны байгууллагаас 600 хүнд үнэ төлбөргүй протез хийж өгөхөөр болоод жагсаалт гаргах болжээ. Тэр үед нэгдсэн мэдээлэл, бүртгэл манай улсад байгаагүй гэнэ. Сараа фэйсбүүк хаягаараа зар тарааж, анагаахын оюутнуудтайгаа хамтарч хүмүүсийн судалгаа бүртгэл гаргаад шигшсэн байна. Ингээд Энэтхэгээс техникч, мэргэжилтэн, эмч нийлээд найман хүн явуулын протезынхоо үйлдвэртэй хамт Монголд ирэхээр болсон байна. Ингээд хүмүүсийн визний асуудлыг шийдвэрлээд байж байтал гааль дээр тоног төхөөрөмж нь орох бичиггүй нөгөөхийнхөө бүрдүүлбэрийг хийж байтал хүмүүсийнх нь визний хугацаа дууссан гээд багагүй чирэгдэл учирч. Жилийн дараа за одоо боллоо гэтэл гаалийн төлбөр төлөх болжээ. Тэгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Х.Булгантуяаг ажиллаж байхад яаманд хүсэлт хүргүүлж, дэмжлэг авсан. Нөгөө талд нь би докторын ажлаа хамгаалах гээд асар завгүй байсан.
Нэг өдөр багачуудын дунд гүйлтийн тэмцээн зохион байгуулсан юм. Тэнд бараг мянгаад хүн цуглачихсан бужигнаж байсан. Хүүхдүүд нүүрэн дээрээ амьтны дүрс зуруулахаар урт очер үүсчихсэн дунд нь нэг том хүн зогсож байна. Нэг л танил царай харагдаад яваад очтол Х.Булгантуяа сайд зогсож байсан. Бид хоорондоо мэнд мэдээд хэсэг ярилцах зуур тэр намайг “Саранчулуунаа, чи ийм өндөр мэдлэг боловсролтой байж гүйлт зохион байгуулж, төрийн бус байгууллага гэж байхаар төрд орж ажилламаар байна” гээд шулуухан хэлэхэд нь би их гайхсан. Тэгээд би чам шиг гадаадад сургууль төгссөн, зөндөө л сурсан. Өөр ажил тааваараа хийгээд явах боломж бий. Гэтэл төр засаг, энэ улс оронд хүн хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулсан. Манай агентлагт мэргэжлийн хүн хэрэгтэй байна. Жаахан юм бод л доо” гээд инээсэн. Угийн тийм шулуухан, бусдын төлөө гэсэн сэтгэлтэйг нь сүүлд би таньсан. Тухай үед дараа нь нэг арга хэмжээний зохион байгуулалт дээр ажиллаж өгөөч гээд утсаа солилцоод өнгөрсөн. Тэрний дараа зун нь нөгөө агентлагийн даргынх нь сонгон шалгаруулалт болоод гурван хүн шалгалтад орсон чинь би гуравт орчихсон. Инээв.
Ингээд л мөн хийдэг ажлаа хийгээд явж байтал улс төрийн намуудаас санал ирсэн. Жагсаалтад хөгжлийн бэрхшээлтэй хүн оруулна гээд энд тэнд яриа явагдаж байсан.
Манай нэг найз мэтгэлцээний тэмцээн зохион байгуулаад өгөөч гээд тэр ажлаар МАН-ын залуучуудын клубтэй холбогдсон. Миний мэддэг нам улс төрийн хүмүүсээс тэнд байсан залуус огт өөр байсан. Мэтгэлцээний сэдэв нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг төрөөс даах нь зөв, буруу” гэсэн шийдэлтэй байсан санагдана. Ингээд мэтгэлцээн уулзалтуудад явж эхлээд надад сонирхолтой санагдсан. Тэдгээр ажил хэрэгч уулзалт, хэлэлцүүлгүүдээс бид ер нь шүүмжилж суухын оронд өөрсдөө оролцох ёстой юм байна гэдгийг ойлгосон. Мөн Булгаагийн хэлсэн үг толгойд орчихсон байсан.
Энэтхэгээс 600 хүнд хөл хийж өгөх сайн үйлсийн ажлаар хүмүүс надруу маш хүнд хүнд зургууд болон өөрийнхөө түүхийг явуулахад миний сэтгэл үнэхээр өвдөж байсан. Ялангуяа хүүхдүүдийн асуудал маш хүнд байсан. Монгол бүхэл бүтэн улс байж тэгээд жил болгон хэдэн мянган хүн хөлөө тайруулж байхад яагаад манай улсад гурван зуухан хүний мэдээлэл байгаа юм бэ гэж миний дургүй хүрч байсан болоод ч тэр үү надад хийх юм байгаа санагдсан. Намын дотоод асуудлыг би мэдэхгүй ч намайг чи ажил хий гэж байхад би хамгийн сайнаараа л ажиллая гэж бодсон. Жагсаалтанд нэр дэвшиж байхдаа ч гишүүн болно гэдэг итгэл төрөөгүй. Сонгуулийн дараа тангараг өргөхөд л сэтгэлд нэг юм тээглэчихсэн. Юу хийхээ мэдэж байсан ч яах учраа олохгүй явсаар хагас жилийн дараагаас арга барилаа олсон гэв.
Та одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?
- Нийгмийн ажлын тухай хуулийг өргөн барихаар байгаа. Миний хоёр дахь анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэлнэ. Ялгаварлан гадуурхалтаас ангид байх хууль байгаа тэрийг бас энэ 12 сард хэлэлцүүлнэ.
Бидний цөөн хором ярилцсан энэ хугацаа амьдралын жинхэнэ үнэн байсан. Тэмцэл дунд тэнтэр тунтар биш цэх шулуун алхсан түүний зам үргэлж гэрэлтэй байг.




