
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. Үүнд, сүүлийн өдрүүдэд шүүгдэгч Н.Алтанхуягт холбогдох хэргийг өмнө нь цагаатган шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн хэргийг дахин шийдвэрлэхдээ өөр шийдвэр гаргасан байдалд улс төрийн агуулгатайгаар холбон мэдээлж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлсэн, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдсан үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна.
Шүүх өмнө гаргасан шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргасан тохиолдол нь шүүхийн практикт цөөнгүй гардаг бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл үүнийг, түүний өмгөөлөгч нь хуульд заасан журмын дагуу Дээд шатны шүүхэд гомдол гаргах хянуулах бүрэн эрхтэй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь хэргийн бодит байдлыг тогтоох, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, эрүүгийн хэргийг хөдөлбөргүй нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх зарчмыг хангах зорилготой байдаг. Үүнийг улс төрийн агуулгаар тайлбарлах нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд том сөрөг нөлөө үзүүлнэ.
Шүүх Н.Алтанхуягт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй буюу түүнийг гэм буруутай эсэхийг дүгнээгүй, шүүхийн процесс үргэлжлэн явж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэн үздэг. Гэвч шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрийн талаарх мэдээлэл нь үнэн зөв, бодитойгоор олон нийтэд хүрэх ёстойг онцлон тэмдэглэж байна" гэжээ.




