Эрдэнэтийн Батуудын балтас алдас

Хуваалцах:
Эрдэнэтийн Батуудын балтас алдас

Ардчилагч, ардчилалд хүчин зүтгэгч, иргэн М.Чимэддорж Батлангийн сайд Д.Батлутад хандан “Та ажлаа өг. Ажилдаа тэнцэхгүй байна” гэж шуудхан хэллээ. Мань Д.Батлут “Зэвсэгт хүчин, цэргээ тэжээж чадахгүй байх чинь..” гэдэг үг хэлээтэхсэнээс ийм мундраа дахин үүсгэж байна л даа. Хэл гэсэн буулгын балтас дор үгийн алдас хийчихэж байна л даа.

Д.Батлут “Нямбаатар эх орондоо ирэхгүй юм шиг” гэх зэргээр мэдэгдэл хийхдээ харин өөрөө эх орноо доош нь хийсэн, жийсэн олиггүй үг хэллээ. Ардчилсан намынхан Д.Батлутыг огцруулна гээд удлаа, Д.Батлут удаа дараа алдаа гаргасаар, М.Чимэддоржийн хэлээд байгаачлан ажилдаа тэнцэхгүй байдлыг гаргасаар авч, яагаад ингээд Ерөнхий сайд Н.Учрал түүнийг “хадгалаад байна” гэдэгт жаахаан илүү өнгийж харвал илүү том “хүчинд” бөхлөөстэй нь түвэггүй ажиглагдана. Тэрийг нь лавшруулаад үзэхээр мөнөөх М.Чимэддоржийн анхааралтай ажигла гэж байгаа үгс дотор байна. М.Чимэддорж цэргийнхэнтэй, мөрдэстүүдтэй ашиг сонирхол бизнес арилжаанд орж үл болно сайд аа гэж хэлж. Тэгэх бөгөөс төрийн ажлаа өгөгтүн гэж мөн хэлж.

Энэ зөв шаардлага аа. Нөгөө талаар Д.Батлутыг хамгаалж байгаа хэрэг юм. Д.Батлут сайдын эдгээр үг, үйлдэл нь тусгаар улсын Батлан хамгаалахын сайдын хэлдэг үг огт биш. Алхам бүр ээдрээтэй байгаа геополитикт хөл нийлүүлэн нягтрах, сөрөн тэсвэрлэх учиртай Ардчилсан Монгол улс дэлхий ертөнцийн нээлттэй өнгөнөө ийм алдас хийж байгаа Батлан хамгаалахын сайдтай байна гэдэг тун харамсалтай. Д.Батлут дуу дуулаад л, буудлага хийгээд л, гүйгээд л, ээждээ үнсүүлээд л “давхиад” байдаг. Энэ бүхнээ хийлгүй яахав. Хийх учиртай. Эрүүл хандлага. Гэвч Монгол улсын Батлан хамгаалахын сайдын хувьд эрүүл бус үйлдлүүд гаргасаар байна. Энхийг сахиулахын ээлжийнхэн очих газартаа хүрэлгүй Туркэд нэг онгоцод хоноод эгэн ирж, дараа нь зорчсон. Бөөн зардал чирэгдэл.

Эритрей хэмээх жижиг улсын агаарын хилийн зорчих эрхийг аваагүйгээс ингэж ажил мундарсан. Энэ бол хэрэг дээрээ Гадаад харилцааны яам-Б.Батцэцэг, Батлан хамгаалах яам-Д.Батлутын л алдаа байсан. Эрдэнэтийн ард түмэн ухаалаг сонголт хийдэг. Гэхдээ Д.Батлутыгаа эргэж нэг харахгүй бол болохоо байж дээ. Хоёронтоо сонгоод УИХ-д илгээсэн энэ хүн нь улаан хивс дээр алхаж, улаан цайм амны алдас, гэм хийсэн л нэгэн боллоо шүү.

Эрдэнэтээс сонгогдсон Бат-Өлзийн Бат-Эрдэнэ гэж сонин хүн байх. Бас л байнга үгийн алдас, алдаа гэм хийнэ. Нэг бол аль нэг телевизийн индэрт сууж байна. Одоо харин харагдахаа байж. Телевизүүдийн эфир мэдээж уйдаа байлгүй дээ. Нөхөр Б.Бат-Эрдэнэ “Жагсаалтын гишүүдийг сайтар шүүж УИХ-д оруулахгүй бол заримынх нь яриаг сонсохоор бөөлжис цутгах юм” гэж аагирхжээ. Нэг ангид, нэг танхимд суучихаад адилхан бүх ард түмнээс сонгогдсон гишүүнээ ингэж дорж үзэж байгаа юм. Б.Бат-Эрдэнэ тэр бөөлжисөө нам руугаа цутгах хэрэгтэй юм даа.

Яагаад гэвэл жагсаалтаар сонгогдсон гишүүдийг чинь МАН тань жагсаагаад ард түмнээр сонгуулсан. Нэг талаар Б.Бат-Эрдэнэ ард түмэн рүү, сонгогчид руу “бөөлжиж” байгаа хэрэг, энэ чинь. Сонгоод өгсөн ард түмнийг яагаад ингэж басамжилж, дээрэлхэж, сэнтий суудалд суулгасны нь төлөө Б.Бат-Эрдэнэ ад үзнэ вэ. Ингэж болохгүй ээ. Б.Бат-Эрдэнэ багцаандаа байх хэрэгтэй. Ер нь , энэ Б.Бат-Эрдэнэ их хачин холбиромтгой, байр суурьгүй этгээд.

 Нарансэвстэйн боомтыг нээнэ гэдэг асуудал УИХ, Засгаар мундарч байхад Б.Бат-Эрдэнэ, мэгдсэн, цаазат эх нутгаа гэсэн байгаль орчныхонд “Би танай салбарын хүн,та нарынхаа талд” хэмээн хэлсэн атлаа ердөө хэд хоногийн дараа Алтайн телевизэд “Нарансэвстэйн боомтыг нээх хэрэгтэй ээ” гээд зогсож байдаг, үндсэн поп дондоо, төрхөндөө цаг өдрөөр “орон бүжиж” явдаг ийм хүн. Оюу толгойн түр хорооны сонсгол дээр эхлээд мөнөөх худал эх оронч дүрээ босгон идэвхтэй нь аргагүй явж байсанаа замын дунд уг асуудалд тууштай зүтгэсэн О.Батнайрамдалаа муулаад, шөвөгдөөд зогсож байх жишээний.

Байгаль орчны сайд Б.Батбаатарыг Сингапурт ажлаар очиход, араас нь давхиж, энэ л нэг хачин шиншилсэн, бохир улс төрийн ашиг завшаан, поплол хайсан сэдэмжээр очиж хялайлгаж байх жишээний. 

Эрдэнэтчүүд маань ийм нэг хүнийг сонгосон доо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Б.Бат-Эрдэнэ саяхан болсон Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны сонсгол дээр бас л жүжиж байгаа юм. Мань эр сонсголын эхний өдрүүдэд уламжлал ёсоор “тодорч” байсанаа, хоёр дахь өдөр нь ирц бүрдүүлж хөнгөлөлөлттэй зээлийн цөлмөлийг ярихад хэдийнэ Б.Бат-Эрдэнэ зүг буруулж, хурлаа таслаад одсон байх. Энэ увайгүй,эрх ашигт хөтлөгддөг, атгаг хөгийнөөсөө ичих байтал “Сонсгол хэн нэгний тодрох индэр биш” хэмээн цээж түхийлгээд сууж байх нь өрөвдөм.

    Хөдөө аж ахуйн салбарт өчнөөн зээл тусламж өгсөөр атал ийм үнэтэй мах, гурил идэж, юуны учир ийм төлөөс төлөөд байгаагийн ужиг булхайг тэр М.Мандхай хүүхэн нь ард түмэнд тун сайн тайлагнаад, тодрохоо тодорчихно билээ, угаасаа. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ гэж ийм нэг төрийн хүний шинжгүй, эр хүний чанаргүй товариш адилхан УИХ-ын гишүүдээ хүртэл бөөлжис цутгуулаад байна гээд энхийн тагтаа болох гэж явахыг Эрдэнэтчүүд хэрхэн харж байдаг юм бол доо. Эрдэнэтээс сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж эмэгтэй бий. Энэ бүсгүй харин Эрдэнэтийн хоёр Батын дэргэд алдас хийхгүй, илүү алдаагүй л яваад байх шиг. Хоёр БАТын хувьд яахын аргагүй чанарын асуудал яригдаж байгаа биз. Аль ч талаас нь харахад. Эрдэнэтийн ард түмэн эдгээр гишүүдийнхээ утгыг их сайн эрмээр болж дээ.

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих