
Ардчилсан намын Засагт оруулах гэдэг юм угаасаа эртнээс л явсан. Зөрүүд баяд О.Цогтгэрэл намыг болоод бүлгийн даргаа хамтад нь бариад, хэрхэх санаатай санаагүй нь үл мэдэгдэх байдлаар, ер нь бол өөрийн толгойтой байхыг эрмэлзэж зүтгэсэн, зүтгээгүй, бие даах гэсэн, даалгахгүй байлгах гэсэн зэрэг манан будилаан дунд цаг явж, хэтийдэж энэ хүрсэн болохоос АН-ыг өвөртлөх МАН-ын ужид хөлс уугисан “хөнжил” байнга л сэвээтэй, даллаатай байсан. Засаглалуудын дээр сууж байгаа “хүчин” үүнийг хүсэж, ингэж л явж ирсэн.
Сая АН-ын бүлгийн даргаар Б.Түвшинг тавьсан. Энэ нь хэрэг дээрээ нэг, хоёрдугаар хүний хүсэл байсан бөгөөд, банк санхүүгийн хүүллийн төлөөллийг тавихын төлөө төрийн эрх барих дээд байгууллагын дэд ч бодит нөлөө үзүүлсэн. Гадагшаа л нэг их шударга юм ярьцгаасан ч Х.Тэмүүжинг годройтуулах ажлыг бүхэлдээ нам хавсарч хийсэн нь худалгүй юм. Өдгөө Б.Түвшин намын бүлгээ хуралдуулж эс чадаж байна, бүлгийн дэд дарга нар Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан нар ажлаа өгөх өргөдлөө бичсэн ч, албажуулахгүй байгаа юм билээ. Нэг үгээр хэлбэл, Б.Түвшин бүлгийн дарга байх эсэх нь эргэлзээтэй байгаа учир ямар нэг шийдвэрт хөдөлгөөн ерөөсөө хийж чадахгүй байгаа нь илт. Б.Түвшин бүлгийн дарга болуут МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын өрөөнд орж хундага өргөв, дараа нь спикер С.Бямбацогтоос аяга хадаг хүртэв, тэгээд “Би Ерөнхийлөгчид үл хамаарах хүн” гэдэг мэдэгдэл хийсэнээс өөрөөр бүтэлтэй үйлгүй байна.
Ардчилсан нам Засгийн газарт орох юм гэнэ ээ гэдэг үг сэвэгдэж байна. Байнгын сэвээтэй байсан зүйл. Б.Түвшинг дөрөөлөөд хөдөлгөх зорилго агуулаастай байсан гэж харагдахаар. Тэгээд ч энэ дагавар санаатай ирсэн Б.Түвшинд Ардчилсан намын бүлгийнхэн ирц бойкотлох байдлаар сэтгэл таагүй байгаагаа илэрхийлээд байна л гэж тодорхой ойлгогдохоор харагдаж байгааг уншихтайгаа хүмүүс цөөнгүй. Эрх баригчдын Их хурал дахь бүлэг тэхий дундуураа хуваагдаад удлаа. Эвлэх огтын шинжгүй.
Д.Амарбаясгалан, С.Амарсайхан,Л.Оюун-Эрдэнэ, Х.Булгантуяа, П.Сайнзориг, Э.Болормаа нарыг намаас хөөж, бүлгээ улам цөөлөх бодлого Ж.Батжаргал дарга барьж байгаа юм уу даа. Жаран наймаас жаран хоёр, гурав болох тооцоо өрнүүлсэн шиг суугаа бололтой юм байх аа. Эрх барих бус эрх барихаасаа ухрах л үйлдэл л дээ. Ер нь бол, Ардын нам суусан мөчрөө тайрах бодлогыг 2024 оны сонгуулиас хойш тасралтгүй хийсээр. Засаг сольж тоглосоор. Одоо хэрвээ АН-ыг Засгийн газарт оруулбал МАН-ын өнгө дэх дөрөв дэх Засгийн газар байгуулагдах нь. Хэрэв нэгэнт тийн өрөгдсөн аваас үүний зураглал төлөвлөгөө дээр С.Баярцогт, Я.Содбаатар нар сууж, зөвшиж, биежүүлэх үлгэртэй нь ойлгомжтой. За, МАН-д бол одоохондоо “манцуйны” үнэртэй байгаа АН-ыг заарт хөнжилдөө оруулах түмэн зайдан сонирхол байгаа нь дамжиггүй.
МАН үндсэндээ ачаагаа даахаа болилоо, авлига хулгайн асуудал нь дэлхийн дэвжээнд гарлаа. Гадаадаас лайвдалцаж нэгнээ матарлаж байна. Энэ дэлхийд гарсаны илэрхийлэл мөн биз. АН харин энэ шавар руу, намаг руу гулсахыг хүслээ гэж үү. Наймхан сарын дараа Ерөнхийлөгчтэй болох боломж АН-д байна, залгуулаад 12 сарын дараа Засгийн эрхийг авах боломж байж л байна шүү дээ. Энэ боломжоосоо АН татгалзах юм байх даа. Б.Пүрэвдорж тэргүүтэн гишүүд нь МАН-ынханыг ачна, цээрлүүлнэ гээд байдаг нь зургийн лууны үлгэр болох юм болов уу. АН-ын дарга О.Цогтгэрэл Засагт огт орохгүй, гуйвал бодно гэдэг. Тэгэхээр МАН одоо АН-ыг гуйх юм болов уу. Х.Нямбаатар Канадаас “Цогтгэрэлийг солино гэсэн шүү. Тийм мэдээлэл хийдэг хэвлэлийн зарим хүмүүсийн хэлсэнээр болдог шүү” гэж байгаа харагдана билээ. Тэгэхээр, тэр нь үнэн бол АН-ынхан О.Цогтгэрэлээ шилгээгээд Засагт орох юм болов уу гэх зэрэг олон асуулт ургаж байна.
Хэрвээ, АН, МАН-ын Засгийн газар байгуулагдвал О.Цогтгэрэл, Б.Түвшин, Ж.Батжаргал, Я.Содбаатар, С.Баярцогт нарын хүмүүс л гол найруулга, зуурмагыг хийж таарах байх. Харах л болох нь дээ. Ер нь бол, идээ бээр нь буцалсан МАН ирэх сонгуульд ялахын тулд, нэг номертой болохын тулд бүх намыг Засагтаа багтаагаад, үндэсний эв нэгдэл ярин гонгинох, тэгээд жаран чавганцаас МАН дээрийн үлгэр ярьж мэдэх нь. Улигт юм даа. Гэхдээ нэг үнэн байна. Энэ бол Засгийн газрыг огцруулна, Засгийн газарт орохгүй гэж энэ хүрсэн АН-ын дарга О.Цогтгэрэлийг суудлаас нь зайлуулаагүй тохиолдолд Засаг эвсэхгүй байх. О.Цогтгэрэл зүтгэж зүтгэж намын дарга болчихоод, амжилт хаяалсан он жилүүдийн угтвар дээр ийм тэнэг зүйл хийхгүй байлгүй гэж олон хүн бодох буй за. Гэвч чөтгөр шүглэсэн улс төртэй болсон цаг даа, юу ч болох билээ.
Яаж ч эвцэлдэх юм билээ, таагдашгүй. Монголын ард түмэн илүү их хэрсүү, илүү их ухаалаг байж, төр барих эрхээ сонгуулийн замаар төгс төгөлдөр эдлэхийн боловсролоор улам улам гэгээрэх хэрэгтэй байна даа.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу