Хүүхдүүдийн сошиал хэрэглээг хязгаарлах хууль хэлэлцэж байна

Хуваалцах:
Хүүхдүүдийн сошиал хэрэглээг хязгаарлах хууль хэлэлцэж байна

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номин нарын санаачилсан “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн хэлэлцүүлэг чуулганы танхимд эхэллээ. Уг хуульд орж буй гол заалтаас дурдвал сошиал хэрэглээг нийгмийн сүлжээний эрсдэлд үндэслэн 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд насанд тохирсон зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг хийх үндсэн гол өөрчлөлтүүд орж байна.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн зорилт нь хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулах, хүүхдийг цахим дарамт, донтолт, заналхийлэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох, төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг зохицуулах аж. 

Дашрамд дурдахад, Европын холбооны Цахим үйлчилгээний тухай хуульд насанд хүрээгүй хүүхдүүд ашиглах боломжтой сошиал платформд тодорхой хориглолт, хязгаарлалтыг тусгасан байдаг юм байна. Бүр тодруулж хэлбэл өсвөр насныханд тик ток, фэйсбүүк гэх мэт нийгмийн сүлжээг ашиглуулахдаа аюулгүй байдлын анхны тохиргоог хийж өгдөг аж. Танихгүй хүнтэй холбогдох боломжийг хязгаарлах, байршил хуваалцах тохиргоог идэвхгүй болгох, хориотой, хүүхдэд хортой агуулгыг харуулахгүй байх, эцэг эхийн хяналтай байлгах, алгоритмийн эрсдлийг бууруулах гэх мэт хамгаалалтын арга хэмжээг авдаг байна.

УИХ-ын чуулганаар өнөөдрөөс хэлэлцэгдэж эхэлсэн “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хууль”-ийн төсөлд 13-16 насны хүүхдийн хэрэглээнд зориулсан технологийн хамгаалалтын хэд хэдэн зүйлийг тусгаж өгчээ. Хүүхдийн хувийн мэдээлэл байршлын нууцлалыг хамгаалах анхдагч тохиргоог хийх, эцэг эхийн зүгээс хяналт тавих боломжийг бүрдүүлэх, хүүхдэд хортой агуулгын харагдац, түгээлт, алгоритмын санал болголтыг хязгаарлах, танихгүй хэрэглэгчтэй танилцах болон шууд дамжуулалтын боломжийг хязгаарлах, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн бусад хамгаалалтын арга хэмжээ зэрэг safety-by-design зарчимд суурилсан хамгаалалтын тогтолцоог хэрэгжүүлэхээр тусгажээ. Уг хууль хэрэгжиж эхэлснээр хүүхдүүдийг сошиалын сөрөг нөлөөллөөс хамгаалах, сошиал гэмт хэрэгт өртөх эрсдэлгүй болох гэх мэт олон талын ач холбогдолтой юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих