НИЙГЭМОнцлох

Арав гаруй цаг зам хааж, эсэргүүцлээ илэрхийлсэн жагсагчдын тэмцэл талаар болов

Хуваалцах:
Арав гаруй цаг зам хааж, эсэргүүцлээ илэрхийлсэн жагсагчдын тэмцэл талаар болов

Монгол Улсын хэмжээнд шатахууны нөөцийн хомсдол үүсч, өдгөө ч иргэд шатахуунд олон цагаар дугаарласан хэвээр.

Үүнд бухимдсан иргэд өчигдөр Төв талбайд автомашинтай жагсаж, Төв шуудангийн уулзварыг хааж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Анх шатахууны хомсдолоос үүдсэн тус жагсаал үргэлжлэх явцдаа монголчуудын зовлон болж хүрээгээ тэлэв. Жагсаалд нэгдсэн иргэд зөвхөн шатахууны бус татварын дарамт, үнийн өсөлт, инфляц, зээлээс зээлийн хооронд амь зууж байгаа зэрэг өнөөгийн тулгамдсан асуудлыг гарган ирж, төр, засагт дуу хоолойгоо хүргэхийг хичээв.

Жагсагчдыг шөнийн 23:00 цагийн орчим цагдаа нар зам чөлөөлөх шаардлага тавьж, замын хөдөлгөөнийг чөлөөлсөн байна. Нэг үгээр арав гаруй цаг зам хааж, өвлийн хүйтэнд өдөржингөө дуу хоолойгоо хүргэхийг хичээн бухимдан зогссон жагсаалын үр дүн гарсангүй.

Учир нь, иргэдийн хүсэн хүлээсэн  Засгийн газар болон холбогдох албаныхнаас хэн ч гарч ирж тэдэнтэй уулзсангүй. Эсрэгээрээ төрийн ордонд жагсаалын талаарх байр суурийг нь сонсох гэсэн сэтгүүлчдээс гишүүд зугатаж байгаа харагдав. Эцэстээ бухимдсан энгийн иргэдийн дунд нийгмийн төлбөртэй жагсагчид гэдгээрээ танигдсан нөхөд гарч ирэн үймээн самуун дэгдээхийг оролдов. Ийнхүү шатахууны хомсдол, замын түгжрэлийг эсэргүүцэн бухимдсан жагсагчдын хүч хөдөлмөр талаар болж, төрийн түшээд үзэл бодлоо илэрхийлж байгаад анхаарч нэг харсан болов уу гэсэн горьдлого тээн эсэргүүцлийн жагсаал өндөрлөсөн юм. 


Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх