Оюу толгойн ноогдол-ОНТРЭ дээр засаглалууд тэнцвэрт харагдана

Хуваалцах:
Оюу толгойн ноогдол-ОНТРЭ дээр засаглалууд тэнцвэрт харагдана

      Засгийн газар бол угаасаа хуулийг оройлон биелүүлэх институт. Үлгэрлэн гүйцэтгэж, хуулийн хэрэгжилтийг төгс хангах ёстой засаглал. Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нар “Оюу толгойн ноогдлыг хуулийн дагуу санд хадгална. Бэлнээр тараахгүй ээ” гэдгээ эрс хэллээ. З.Мэндсайхан “Ерөнхийлөгч байр сууриа л хэлсэн, түүнээс өөрөөргүй” гэх байдалтай зогсож байна билээ. Урд өдөр нь хэл булжаад хуульд өөрчлөлт оруулна гэж нэг дуугарсан нь илүүдчихсэн байх. Нямтайширын Номтойбаяр “Бэлэн мөнгө тараах миний улс төрийн шашинтай нийцдэггүй” гэсэн филисофи зарчим ярьлаа. Т.Доржханд ч ийм агуулгаар хэдэнтээ дуугарсан. Ингээд Засгийн газрын тэргүүлэх эрхтнүүд, Ерөнхий сайд, хоёр Шадар сайд, Сангийн сайд нар дөрвөллөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Оюу толгойн ноогдлыг ард түмэндээ шууд өгнө үү дээ” гэсэнд “Үгүй” гэж хэлж байгаа нь шууд ойлгогдож байна. Засгийн газрынхан хуулиа биелүүлнэ л гэж байна. Үүнд ямар буруу байх билээ.

Гэхдээ Оюу толгойн ноогдол гурван их наяд хэзээ албажиж улсын сан дансанд орж ирэх тодорхойгүй байгаа. Гүйцэтгэх захирал Сүхбаатарын Мөнхсүх “Борлуулалт байхгүй байхад ямар юмны нь ноогдол байх вэ дээ” гэж илтэд хүнийрхүү , хүйтэн өнгөөр адарсан ч өчигдрөөс “Сайн мэдээ дуулгая. Баяжмалын борлуулалтын хөдөлгөөн явж эхэллээ” хэмээн аярсан харагдах. Ер нь бол Оюу толгойнхон Монголын ард түмэнд, Засаг төрд хүндэтгэлтэй л хандах нь ямагт зохино. Өмчийн эзэн хөрөнгөө мэдэж, эрэг нь усаа хашдаг номтой. 

Ерөнхий сайд Н.Учрал, түүний хэвлэлийн төлөөлөгч “ОНТРЭ гээд байдаг нөхөд анхаараарай” гэж байгаад “ОНТРЭ дээр ямар нэг хөдөлгөөн хийгдээгүй. Лиценз шилжүүлэх эрх гагцхүү УИХ-д хадгалагдаж байгаа” хэмээн цохон мэдэгдлээ. Энэ бол Монголын Засаг төр, Засгийн газар, УИХ нэгдмэл байж өмчийнхөө асуудлыг нягт чамбай хийж гэрээлнэ гэдгээ л хэлж байгаа хэрэг. Татварын Ерөнхий газрын даргыг Ерөнхий сайд чөлөөллөө. Зарчим зөв шүү дээ. Монголын татварын байгууллагын дансанд хүсээгүй, үл зохих татвар хийж байгаа зэргээс ОНТРЭ-чүүд монголчуудад хэрхэн хандаж байгааг ард түмэн бүрэн мэдэж байгаа. Харин аудитын дүгнэлтүүд амьтай, төр засгийн байгууллагуудын алдаа дутагдлыг хатуухан дуугарч харагдсаар удлаа.  Үндэсний аудитын байгууллага, дарга С.Магнайсүрэн тун шазууртай ажиллаж  байх шиг байна.

Ингэх  л ёстой. Үнэндээ энэ улс оронд эдийн засгийн, өмч хөрөнгө, төсвийн аливаа шамшигдуулал гаарч ирсний гор бол ерөөс аудит амьгүй байсны л шинж. С.Магнайсүрэн бол төрийн бүхий л түвшинд меритээр ажиллаж, зарчим ямар байхыг мэдэх толгой, тэр юутай ч УИХ, Засагтайгаа хамжаад зарчмыг тогтоох нь шиг байна. Нэн ялангуяа Оюу толгой, ОНТРЭ дээр Үндэсний аудит чухам үргэлж чухал үүрэгтэй байх нь дамжиггүй юм. Ерөнхий сайд Н.Учралд С.Магнайсүрэн тун дөхөмтэй тулгуур болох байх аа. Учир нь, Ерөнхий сайд Н.Учрал төрийн хүнд суртал, идлэг уулгаас чөлөөлөх, төрийн өмчийн компаниудын  эрүүл саруул засаглалд онцгой анхаарч байгаа. Чухамхүү төр дахь алив бусармагийг Үндэсний аудит л илрүүлнэ, алдаа мадгийг илчилнэ, тэр нь Ерөнхий сайдад чухал түшиц, үйл ажиллагаанд нь эрүүл мөрдлөгө, хариуцлагын үндэслэл болно. Прокурорын байгууллага ч эл хамтралд чухал үүрэгтэй. Ингэж байж л цэвэршил явагдана.

Ерөнхий сайд Н.Учрал аливаа аж ахуйн нэгжийн данс хаадгийг огт зөвшөөрөхгүй гэж зарчимласан. Гэвч одоог хүртэл аж ахуйн нэгжүүдийн, бүр төрийн бус байгууллагын дансыг хаадаг, дансанд орж ирсэн орлогыг шууд татварт татдаг явдал түгээмэл байсаар байна. Нийгмийн даатгал, Татварынхан данс хаадаг, тэгээд орлогыг аж ахуй эзэмшигчийн зөвшөөрөлгүй шууд татдаг, данс жасыг “гүйцэтгэх ажиллагааныхан” мэт дураар үзэж дургидаг явдал хэрээс хэтэрснийг иргэн  Ганцогийн Уянга, бизнесийн төлөөлөл Дамбын Соронзонболд нар олон нийтийн сүлжээнд бичсээр байна. Олон нийт ч тэр шүүмжлэлийг уухайлан дэмжиж байгааг Засгийн газар, Ерөнхий сайд тун анхаарч, хяналт хийж, нугалаа завхралыг арилгах ёстой. Ер нь Ерөнхий сайд Н.Учралын татварын даргыг сольж байгаа үйл явц бол эдгээр үл бүтэх, хүнлэг бус хүйтэн, иргэн, аж ахуйн нэгжээ дарангуйлсан асуудал Монголын татварын системд үгдэрсэнийг оношилж, хариуцлага тооцож байгаа явдал гэж өөдрөгөөр харах үндэстэй юм.

Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж, улс төрийн оноо авах сэдлэгтэй Оюу толгойн ноогдол болоод ОНТРЭ компанийн лиценз шилжүүлэлтийн асуудал зэрэг бүгд  гагцхүү С.Бямбацогт даргатай УИХ-ын мөрдөц, үйл ажиллагааны биелэл байх хууль, зарчимд бүрэн үндэслэгдэх ёстой нь гарцаагүй билээ. 120-р тогтоолынхоо хэрэгжилтийг хангуулах хэрэгтэй дээ, УИХ-спикер С.Бямбацогт. Юутай ч УИХ, ЗАСАГ Оюу толгой, ОНТРЭ дээр цэр цээжинд, бөөр бөгсөнд гэдгийн үлгэр зарчимтай нь сайн л хэрэг. Гол нь урагшлах хэрэгтэй байна даа.

Б.ЗОЛБАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих