
Хар Сэнгийн Эрдэнийн Бат-Үүл бол цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын нэг эцэг, мөн Монголын ардчиллын дархлаа баталгааны сэрэмж болдог хүн. Энэ үүргээ тэр цаг ямагт гүйцэтгэж ирсэн. Ц.Элбэгдорж түүнийг нэгэнтээ Их хурлын хүндэтгэлийн чуулганы индрээс “Ардчиллын төлөө гурвалласан морь мэт зүтгэсэн анд минь” гэж хэлээд Улсын Баатар цол олгосон нь яавч дэмий явдал биш байх. Э.Бат-Үүл өнөө өглөө хэлжээ.
Тэрбээр уламжлалт сэрэмжит ёсоороо “Үнэхээр манай нам МАН-ын Засагт орж байгаа бол , Ерөнхийлөгчийн сонгуулийг МАН-д тавьж өгөхөөр тохирсон байж таараа. Энэ бол эрин зууны урвалт болно! Ардчилсан намыг нурааж, МАН-ыг 27 болон 28 оны сүйрлээс нь аврах шинэ МАНАН бий болж байна гэсэн үг. Ардчилсан намын 200000 гаруй гишүүд, тэдний үр хүүхдүүдийн ирээдүйгээр тоглох болно. Манай намын жирийн гишүүд, намаа аврах Их тулаанд бэлдэх цаг болж дээ. Би лав бэлэн шүү!” хэмээжээ. Монголын улс төрд дөчин жил явсан Э.Бат-Үүл энэ дайны үнэр авах, сэрэмж мэдэх болсон цагаан толгой.
Ардчилсан намын Засагт орох ажиллагааг АН-ын Элсний 13, өөр нэгэн шинэ тодотголоор “АТГ-ын 13” хэмээгдэх фракц толгойлж, гуринхалж байгааг Э.Бат-Үүл төгс мэдсэн л байгаа. Бүлгийн дарга Н.Түвшин нь “Засагт орох тухай үл яригдсан, баттай хэлнэ” гэж байгаа ч түүний хэлэхээс их ангидаар Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн “Ерөнхийлөгчийн сонгуулийг МАН-д тавьж өгөхөөр тохирсон байж таараа” гэдэг л их ултай юм. Энэ нь чухамхүү мөнөөх Х.Нямбаатарын хэлсэнчлэн “АН бол ЕТГ-ын хэлтэс болсон” гэдгийг л илүү тодотгож байна, батлалцах тийшээ явж байна. Ардчилсан нам ингэж ээдрээд, өөр институтын хэлтэсжих байдлаар хөглөгдөж, удирдагдаж байгаа учраас Э.Бат-Үүл “Манай намын жирийн гишүүд, намаа аврах Их тулаанд бэлдэх цаг болж дээ. Би лав бэлэн шүү!” гэж байгаа хэрэг. Э.Бат-Үүлийн хатаагдсан, болд болсон сарьсан хоншоор үүнийг үнэрлэхтэйгээ л дээ.
Э.Бат-Үүл бас “Эрин зууны урвалт болно” гэж хэлсэн байгаа биз. Тэгвэл энэ “домогт” урвалтыг хэн удирдах гэж байна. Хар гэрт хоригдоод гарч ирэхэд нь Э.Бат-Үүл, шийртэй, хуйхтай, дөмгийг нь магтсан АН-ын генсек С.Баярцогт биш биз дээ, МАН-ынхныг ачна гэдэг дэд спикер Б.Пүрэвдорж биш биз дээ, Ерөнхийлөгчийг “Орлогоо нотол, тайлангаа тавь” гэж дуугарч эхэлсэн АН-ын дарга О.Цогтгэрэл биш биз дээ. Ингэхээр Ардчилсан намын бодлогын зөвлөлийг ер нь базах маягтай гэх Д.Амарбаясгалан, О.Амгаланбаатар болж таарах уу. Хэн удирдаж байна, түүнийг нь л олж онилж, Э.Бат-Үүлийн хэлээд байгаа, Э.Бат-Үүлтэй хамтрах АН-ын жирийн гишүүд “буудацгаах” хэрэгтэй юм болов уу даа. Цагаан туг өргөдөг Ардчилсан намын ужгийг Р.Гончигдоржоор “баатарлуулан” нэгэнтээ бичив, цагаан туг үл өргөнө хэмээж байгаа Хар Сэнгийн Эрдэнийн Бат-Үүлийн Ардчилсан намаа гэж байгаа цагаан санаа туйлын зөв. Монголынхоо тусын тулд зөв юм. Монголд тэглэм тогтож үл болно.
Зандаахүүгийн Энхболд “АН-аас метал нэртэн Ерөнхийлөгч болно” гэх мэргэн хүний үгийг олонд толилуулсан бөгөөд, тэр нь Ганбаатар, төмөр, бат, Но.Алтанхуяг гэж үргэжлэхийг тодотгосны энэ дараахан, ерөөс дэлхий даяар Унгар, Серби, Америк гээд ардчилагчид, хөх өнгөтнүүд ялж давалгаалаад байгааг цагаадай Э.Бат-Үүл алгаа үрчиж хараад “27,28 оны сонгуулийг огт алдаж болохгүй, ялах хэрэгтэй” гэж өнөө өглөө сануулж, тэмцэлд нөхдөө уриалжээ,энэ дал хүрч яваа ардчилагчийн тэмцэл тулаанаас буруутгал олддоггүй. Э.Бат-Үүл дээрх үгэн дотроо ардчилагч 200 мянгын хүүхдүүд л хилсдэх юм хэлж, энэ бол буруу шүү. Засаг төр буруу эвцэлдээд, буруу яваад байвал зөвхөн ардчилагчдын биш, бүх монголчуудын хүүхдүүдэд хөөрхийлөлтэй шүү. С.Эрдэнэ гуайн текстэд утга зөрчлийн ямар ч алдаа байдаггүйг Э.Бат-Үүл мэдээж мэддэг биз.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2026-11-06 11:21:55
Gan olon bgaa shu.