
Монгол Улсын иргэн “Б”, “Д” нар бусадтай бүлэглэн Засгийн газрын нууц тогтоол, төрийн өндөр албан тушаалтны гарын үсэг, төрийн байгууллагын албан бичиг, тамга, тэмдэг, хамтын ажиллагааны гэрээг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээгээр залилан мэхлэхийг завдсан ноцтой гэмт хэргийг хуулийн байгууллагаас таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Тодруулбал, дээрх этгээдүүд нь БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх зорилгоор "Засгийн газрын нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдсэн байна.
Хуурамч тогтоолд нэр бүхий Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) болон БНХАУ-ын компани хооронд 300 сая ам.долларын үнийн дүн бүхий уул уурхайн ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэлийг өгсөн хэмээн тусгажээ. Үүгээр зогсохгүй тухайн ТӨҮГ-аас түүхий эд нийлүүлэх баталгаа гаргасан албан бичиг болон хамтын ажиллагааны гэрээг давхар хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлсэн байна.
“Д” нь өөрийгөө Засгийн газрын гишүүн, зөвлөх мэт өөрийгөө танилцуулж, хохирогчдод итгэл үнэмшил төрүүлдэг байсан. Үүгээр дамжуулан төрийн байгууллагад албан уулзалт хийж буй мэтээр бусдыг хуурч залилан мэхлэх үйлдлээ хэрэгжүүлэхийг завддаг байжээ. Гэмт этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.




