
АТГ, ЦЕГ-ын хамтарсан Мөрдөн шалгах хэлтсээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хотын дарга асан Х.Нямбаатар болон Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нартай холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөв.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Хотын дарга асан Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй хэргээр шалгаж байна.
Мөн баталгаа гаргах эрхгүй этгээд баталгаа гаргасан байхад Х.Нямбаатар нь Туулын хурдны замын 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Туулын хурдны замын гүйцэтгэгч компани, арилжааны 14 банканд байгаа 339 тэрбум төгрөгийг зарцаасан. Туулын хурдны замын 500 тэрбумтай холбоотой асуудалд Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан. Х.Нямбаатарын байршлыг тогтоолгохоор Интерполд хандсан" гэлээ.




