
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нар пүрэв гарагт Туркийн Анталья хотноо уулзсан. Энэ нь Москва цэргийн хүчээр Украинд түрэмгийлснээс хойш хоёр орны эрх баригчдын хооронд болж буй хамгийн өндөр албан тушаалтнуудын уулзалт байв. Тиймээс ажиглагчид Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас үр дүн гарах хүлээлттэй байсан юм. Гэвч талуудын уулзалт гал зогсоох болон цэргийн ажиллагааг зогсоох асуудлаар тодорхой ахиц дэвшилгүй өндөрлөжээ. Хэлэлцээг зохион байгуулсан Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушоглу Орос-Украины Гадаад хэргийн сайд нарын уулзалт амаргүй, ширүүн уур амьсгал дунд өрнөсөн гэж мэдэгдсэн байна. Уулзалтын үеэр Украины Гадаад хэргийн сайд дайны бүсүүдэд 24 цагийн хугацаанд гал зогсоож, Мариуполь хотод ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор нээх хүсэлт тавьсан байна. Гэвч Сергей Лавров дээрх хүсэлтийг хүлээн авахаас татгалзан аж. Дмитрий Кулеба уулзалтын дараа хэвлэлийн хурал хийх үеэрээ “Би Украины Ерөнхийлөгч, Засгийн газрын сайд нартай утсаар ярьж хүмүүнлэгийн коридор нээх аюулгүй байдлын баталгааг 100 хувь хангаж чадахаа илэрхийлсэн. Улмаар ОХУ-ын Гадаад хэргийн сайдаас аюулгүй байдлын баталгаа мөн гаргаж өгөх эсэх талаар тодруулсан. Гэвч Сергей Лавров хариулт өгөөгүй” гэсэн юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу